Езекиел 41:1-26
Езекиел 41:1-26 АБ2013
Тэгээд тэр намайг гол танхимд авчран хажуугийн баганануудыг хэмжихэд хоёр талдаа зургаа зургаан тохой байв. Энэ нь хажуугийн баганын өргөн юм. Орох үүдний өргөн нь арван тохой, орох үүдний хажуу талууд нь хоёр талдаа тусбүр таван тохой байв. Тэр гол танхимын уртыг хэмжихэд дөчин тохой, өргөн нь хорин тохой байлаа. Дотогш орж үүдний хажуугийн багана бүрийг тэр хэмжихэд хоёр тохой байсан бөгөөд үүд нь зургаан тохой өндөр байв. Үүдний өргөн нь долоон тохой байв. Тэр гол танхимын өмнө түүний уртыг хэмжихэд хорин тохой, өргөн нь хорин тохой байв. Тэр надад —Энэ бол ариунаас ариун газар мөн гэж өгүүлэв. Дараа нь тэр сүмийн ханыг хэмжихэд зургаан тохой болов. Өргөөний эргэн тойронд буй хажуугийн өрөөнүүдийн өргөн нь дөрвөн тохой байв. Хажуугийн өрөөнүүд нь нэг нь нөгөөгийнхөө дээр гурван давхар, давхар бүрд гучин өрөө байв. Хажуугийн өрөөнүүд нь сүмийн хананд бэхлэгдэлгүй, харин бэхлэгдсэн байхын тулд дотор талд эргэн тойронд нь байрласан хана хүртэл тэлсэн байв. Сүмийг хүрээлсэн хажуугийн өрөөнүүд нь давхар өгсөх тутамд илүү өргөн болж байв. Сүмийг хүрээлж байсан байгууламж нь сүмийн бүх талд давхар давхраар өгсөж байсан учраас дээшлэх тусам сүмийн өргөн нь ихэссэн байв. Тийнхүү доод давхраас дээд давхарт гарахад хоёр дахь давхраар дамжиж байв. Өргөө нь эргэн тойрондоо өндөр тавцантайг би бас харлаа. Хажуугийн өрөөнүүдийн сууриуд нь өндрөөрөө бүтэн зургаан тохой саваагаар хэмжигдэв. Хажуугийн өрөөнүүдийн гаднах хананы зузаан нь таван тохой байв. Харин сүмд хамаарах хажуугийн өрөөнүүд мөн гаднах танхимуудын хоорондох хоосон зай нь сүмийн эргэн тойронд тал бүрд хорин тохой өргөн байв. Хоосон зай уруу харсан хажуугийн өрөөнүүдийн үүднүүдийн нэг нь хойд зүг, нөгөө нь өмнө зүгийг харжээ. Хоосон зайны өргөн нь эргэн тойрондоо таван тохой байв. Баруун тийш харсан талд тусгаарлагдсан талбайн урд тал дахь барилгын өргөн нь далан тохой байв. Барилгын хана нь эргэн тойрондоо таван тохой зузаан, түүний урт нь ерэн тохой байв. Тэгээд тэр сүмийг хэмжихэд урт нь зуун тохой байв. Тусгаарлагдсан талбай нь барилга ба ханануудтай нь хамт мөн адил зуун тохой байв. Сүмийн урд талын өргөн, тусгаарлагдсан талбай нь зүүн талын дагуу нийтдээ зуун тохой байв. Тэрээр ар талд нь орших тусгаарлагдсан талбайн нүүрэн талын дагуу барилгын уртыг хоёр талд нь буй ханануудын хамт хэмжихэд зуун тохой байв. Тэрээр дотоод гол танхим ба хашааны үүдний танхимуудыг бас хэмжив. Босгоны харалдаах гурван давхрынхаа эргэн тойрон дахь босгууд, сараалжин цонхнууд, хананууд нь газраас цонх хүртэл бүх талаараа модоор бүрэгдсэн байв. (Харин цонхнууд нь бүтээгдсэн байв.) Орох үүдний дээгүүр, дотоод өргөө хүртэл мөн гадаад өргөөнд ч, эргэн тойронд бүхэл ханыг хэмжээнүүдийнх нь дагуу модоор бүрсэн байв. Херубууд хийгээд далдуу моддын сийлбэр тэнд байв. Далдуу мод нь хоёр херубын завсар, херуб бүр нь хоёр нүүртэй байв. Нэг талаас далдуу мод уруу хүний нүүр чиглэж, нөгөө талаас далдуу мод уруу залуу арслангийн нүүр чиглэж байв. Тэдгээр нь сүмийн эргэн тойронд бүхэлдээ сийлээстэй байв. Газраас үүдний дээд хүртэл мөн гол танхимын хананд херубууд хийгээд далдуу моддын сийлбэр байв. Гол танхимын хаалганы хүрээнүүд нь дөрвөн өнцөгт байв. Ариун газрын өмнөх талын хувьд нэг хаалганы хүрээний дүрс нь нөгөөгийнхтэй адил байв. Тахилын ширээ нь модон агаад өндөр нь гурван тохой, урт өргөн нь хоёр тохой байв. Түүний булангууд, суурь ба хажуу талууд нь ч мод ажээ. Тэрээр надад —Энэ бол ЭЗЭНий өмнө буй ширээ мөн гэж өгүүлэв. Гол танхим ба ариун газар тусбүр хоёр хаалгатай байв. Хаалга тусбүр нь хоёр эвхмэл хавтастай байв. Нэг хаалганд хоёр хавтас, нөгөө хаалганд ч хоёр хавтас байв. Мөн гол танхимын хаалганд нь хананууд дээр сийлсэнтэй адил херубууд, далдуу модод сийлэгдсэн байв. Гадна талд үүдний танхимын өмнө модон босго байв. Үүдний танхимын хоёр талын хананд сараалжин цонхнууд ба далдуу модод байв. Өргөөний хажуугийн танхимууд ба босгонууд ч бас тийм ажээ.