Езекиел 40:1-49

Езекиел 40:1-49 АБ2013

Бидний цөлөгдсөний хорин тав дахь оны эхэнд, сарын арванд буюу хот эзлэгдсэнээс хойш арван дөрөв дэх жилийн яг тэр өдөр ЭЗЭНий мутар миний дээр байлаа. Тэр намайг тэртээд авчрав. Бурханы үзэгдлүүд дотор Израилийн газарт Тэр намайг ирүүлж, маш өндөр уулан дээр буулгахад, өмнө зүгт хот мэт нэгэн байгууламж байв. Ийнхүү Тэр намайг тэнд авчрав. Харагтун, гартаа олсон хэмжүүр ба хэмжих саваа барьсан нэгэн хүн тэнд байсан бөгөөд түүний дүр нь хүрэл мэт дүртэй ажээ. Тэр үүдэнд зогсож байв. Тэр хүн надад —Хүний хүү! Миний чамд үзүүлэх бүхнийг нүдээрээ харж, чихээрээ сонсон, үүнд зүрхээ хандуул. Учир нь чамд үүнийг үзүүлэхийн тулд чамайг энд авчирсан. Чи үзэх бүхнээ Израилийн гэрт мэдүүл гэж хэлэв. Харагтун, тэнд сүмийн гадна талд түүнийг хүрээлсэн нэгэн хэрэм байв. Нөгөө хүний гар дахь хэмжих саваа нь зургаан урт тохой бөгөөд тохой бүр нь үзүүр тохой хэмжээтэй аж. Тэрээр хэрмийн зузааныг хэмжихэд нэг саваа болж, түүний өндөр нь нэг саваа болов. Тэгээд тэр зүүн зүгийг харсан хаалганд очиж, шатаар нь өгсөж, хаалганы босгыг хэмжихэд түүний өргөн нь нэг саваа болсон. Харуулын өрөөний урт нь нэг саваа, өргөн нь нэг саваа байв. Харуулын өрөөнүүдийн хооронд таван тохой байв. Дотор тал уруу харсан хаалганы үүдний танхимын дэргэдэх хаалганы босго нь нэг саваа байв. Дотор тал уруу харсан хаалганы үүдний танхимыг тэр хэмжихэд нэг саваа байв. Тэрээр хаалганы үүдний танхимыг хэмжихэд найман тохой, түүний хажуугийн багананууд хоёр тохой байв. Дааман хаалганы үүдний танхим нь дотор тал уруу харсан байв. Зүүн зүгийг харсан дааман хаалганы харуулын өрөөнүүд нь хоёр талдаа гурав гурваар байсан. Тэд гурвуулаа адил хэмжээтэй байв. Хажуугийн багананууд ч бас хоёр талдаа ижил хэмжээтэй байв. Тэрээр үүдний өргөнийг хэмжихэд арван тохой, дааман хаалганы урт нь арван гурван тохой байв. Харуулын өрөөнүүдийн урд, аль аль талд нь нэг тохой өргөнтэй тусгаарлах хана байв. Харуулын өрөөнүүд нь дөрвөлжин, тал бүрдээ зургаан тохой байв. Тэрээр нэг харуулын өрөөний дээврээс нөгөө харуулын өрөөний дээвэр хүртэл хаалгыг хэмжихэд нэг үүднээс эсрэг талын үүд хүртэлх өргөн нь хорин таван тохой байв. Тэр хажуугийн баганануудыг жаран тохой өндөр болгов. Хаалга нь эргэн тойрондоо хашааны хажуугийн багананууд уруу тэлжээ. Орох дааман хаалганы урд талаас дааман хаалганы дотоод танхимын урд тал хүртэл тавин тохой байв. Харуулын өрөөнүүд уруу, хаалганы дотор талд эргэн тойронд буй хажуугийн багананууд уруу нь харсан сараалжтай цонхнууд байсан бөгөөд үүдний танхимуудад мөн тийм байв. Дотор талын эргэн тойронд ч цонхнууд байлаа. Хажуугийн багана бүр дээр далдуу модыг сийлсэн байв. Тэгээд тэр намайг гаднах хашаанд авчрав. Харагтун, тэнд эргэн тойронд хашаанд зориулж хийгдсэн танхимууд мөн засмал зам байв. Гучин танхим нь засмал зам уруу харж байв. Засмал зам нь (энэ нь доодох засмал зам) дааман хаалгануудын хажуу талаар дааман хаалгануудын урттай тэнцэж байв. Тэгээд тэр доодох дааман хаалганы урд талаас дотоод хүрээний гадна зах хүртэлх өргөнийг хэмжихэд зүүн зүг ба хойд зүгт зуун тохой байв. Хойд зүгийг харсан гаднах хашааны дааман хаалганы хувьд, тэрээр түүний урт, өргөнийг хэмжив. Тэр нь хоёр талдаа гурав гурван харуулын өрөөтэй байв. Хажуугийн багананууд болон үүдний танхимууд нь эхний дааман хаалгатай адил хэмжээтэй байв. Урт нь тавин тохой, өргөн нь хорин таван тохой байлаа. Түүний цонх, үүдний танхим, далдуу модны сийлбэрүүд нь зүүн зүгийг харсан дааман хаалгатай адил хэмжээтэй байв. Долоон гишгүүрээр өгсөж түүнд хүрэх бөгөөд тэдгээрийн урд талд үүдний танхим нь байв. Дотоод хүрээ нь зүүн зүгийнхтэй адил хойд зүгийн дааман хаалганы харалдаа хаалгатай байв. Тэрээр хэмжсэнд дааман хаалганаас дааман хаалга хүртэл зуун тохой байв. Дараа нь тэр намайг өмнө зүг уруу дагуулж явахад, харагтун, тэнд өмнө зүгт дааман хаалга байсан. Тэрээр хажуугийн багананууд ба үүдний танхимуудыг адилхан хэмжүүрээр хэмжив. Дааман хаалга ба үүдний танхимууд нь эргэн тойрондоо мөнөөх бусад цонхнуудтай адил цонхнуудтай байв. Урт нь тавин тохой, өргөн нь хорин таван тохой байв. Тэнд дээш өгсөх долоон гишгүүр, тэдгээрийн урд үүдний танхимууд нь байв. Түүний хоёр талын тусбүрийн хажуугийн багананд далдуу модны сийлбэр байв. Дотоод хүрээ нь өмнө зүг харсан дааман хаалгатай байв. Тэрээр өмнө зүгийг чиглэн дааман хаалганаас дааман хаалга уруу хэмжихэд зуун тохой байв. Дараа нь тэр намайг өмнөд дааман хаалгаар дотоод хүрээнд авчрав. Тэрээр өмнөд дааман хаалгыг мөнхүү адил хэмжүүрээр хэмжив. Түүний харуулын өрөөнүүд бас хажуугийн багананууд, үүдний танхимууд нь бусадтай адил хэмжээтэй байв. Дааман хаалга ба үүдний танхимууд нь эргэн тойрондоо цонхтой байв. Тэр нь тавин тохой урт, хорин таван тохой өргөн байв. Тэнд эргэн тойронд үүдний танхимууд байсан бөгөөд урт нь хорин таван тохой, өргөн нь таван тохой байв. Үүдний танхимууд нь гаднах хашаа уруу харсан байв. Хажуугийн баганануудад нь далдуу модыг сийлсэн, түүний шат нь найман гишгүүртэй байв. Тэр намайг дотоод хүрээний зүүн талд дагуулж ирэв. Тэрээр мөн адил хэмжээгээр дааман хаалгыг хэмжив. Түүний харуулын өрөөнүүд бас хажуугийн багананууд нь, үүдний танхимууд нь мөн адил хэмжээтэй байв. Дааман хаалга ба түүний үүдний танхимууд нь эргэн тойрондоо цонхтой байв. Тэр нь тавин тохой урт, хорин таван тохой өргөн байв. Үүдний танхимууд нь гаднах хашаа уруу харжээ. Хоёр талд нь хажуугийн багананууд дээр далдуу модыг сийлсэн, шат нь найман гишгүүртэй байв. Дараа нь тэр намайг хойд дааман хаалга уруу авчрав. Тэрээр түүнийг мөн адил хэмжээгээр хэмжив. Түүний харуулын өрөөнүүдийг, хажуугийн баганануудыг, үүдний танхимуудыг хэмжив. Дааман хаалга нь эргэн тойрондоо цонхтой байв. Урт нь тавин тохой, өргөн нь хорин таван тохой ажээ. Үүдний танхим нь гаднах хашаа уруу харжээ. Хоёр талд нь байх хажуугийн багананууд дээр далдуу модыг тал бүрд нь сийлсэн байх агаад тэр хүртэл найман гишгүүртэй шат байв. Үүд бүхий танхим нь дааман хаалган дахь хажуугийн баганануудын дэргэд байв. Тэнд тэд шатаалт тахилыг угаадаг. Дааман хаалганы үүдний танхимд хоёр талд нь шатаалт тахил, нүглийн тахил, ялын тахилыг дээр нь нядлах хоёр ширээ байв. Хойд хаалганы үүдний танхимын гадна хоёр ширээ байв. Тэр хаалганы үүдний танхимын нөгөө талд нь ч хоёр ширээ байжээ. Дааман хаалганы дэргэд хоёр талд дөрвөн ширээ өөрөөр хэлбэл тахилыг нядлах найман ширээ байжээ. Шатаалт тахилд цавчмал чулуун дөрвөн ширээ байсан бөгөөд урт нь нэг тохой хагас, өргөн нь нэг тохой хагас, өндөр нь нэг тохой байв. Дээр нь тэд шатаалт тахил ба тахилыг нядлахад хэрэглэдэг зэвсгийг тавьдаг аж. Алганы эн урттай давхар шүдтэй дэгээнүүд дотор нь эргэн тойронд суулгагдсан байв. Ширээнүүд дээр өргөлийн мах байлаа. Дотоод хаалганы гадна, дотоод хүрээн дотор дуучдад зориулагдсан хоёр танхим байв. Тэдгээрийн нэг нь хойд дааман хаалганы хажууд нүүрэн тал нь өмнө зүг харсан, нөгөө нь зүүн дааман хаалганы хажууд хойд зүгийг харсан байв. Тэр надад —Өмнө зүгийг харсан энэ танхим сүмийн үүргийг сахигч тахилч нарт зориулагдсан. Харин хойд зүгийг харсан танхим нь тахилын ширээний үүргийг сахигч тахилч нарт зориулагдсан. Тэд бол Левийн хөвгүүдээс гаралтай Задокийн хөвгүүд бөгөөд тэд ЭЗЭНд үйлчлэхээр Түүнд ойртдог гэв. Тэрээр хашааг хэмжихэд урт нь зуун тохой, өргөн нь зуун тохой тэг дөрвөлжин байв. Тахилын ширээ нь сүмийн урд талд байв. Дараа нь тэр намайг сүмийн үүдний танхимд авчирч, үүдний танхимын хажуугийн багана бүрийг хэмжихэд тал бүрд таван тохой байв. Дааман хаалганы өргөн нь арван дөрвөн тохой, хажуу талын хана бүр нь гурван тохой байв. Үүдний танхимын урт нь хорин тохой, өргөн нь арван хоёр тохой байв. Түүний өгсөх шат арван гишгүүртэй агаад түүн дээр хажуугийн баганануудад хамаарах тулгуур багана хоёр талд нэг нэгээрээ байв.