Езекиел 4:1-17

Езекиел 4:1-17 АБ2013

Одоо хүний хүү чи өөртөө нэг шавар тоосго авч, өөрийнхөө өмнө тавиад, түүн дээр нэгэн хотыг, Иерусалимыг сийлэгтүн. Тэгээд түүний эсрэг бүслэлт байгуулж, бүслэх цамхаг барьж, овоолго далан босгон, хуарангуудыг байгуулж, түүнийг тойруулаад хэрэм эвдэгчийг байрлуул. Дараа нь төмөр тавгийг авч, түүнийг хот ба өөрийнхөө хооронд төмөр хэрэм мэт босгож, энэ хотыг бүсэлж, түүнийг хүрээлж буйтай адил нүүрээ түүнд чиглүүл. Израилийн гэрт өгөх тэмдэг энэ юм. Ингээд чи зүүн талаараа хэвтэж, Израилийн гэрийн хилэнцийг тэр тал дээр тавь. Хажуулдан хэвтэх хоногийнхоо тоогоор чи тэдний хилэнцийг үүрнэ. Учир нь хилэнцийнх нь жилүүдэд дүйцүүлэн гурван зуун ерэн хоногийг Би чамд товлосон. Ийнхүү чи Израилийн гэрийн хилэнцийг үүрэх болой. Чи үүнийг дуусгаад хоёр дахь удаагаа, баруун талаараа хэвтэж, Иудагийн гэрийн хилэнцийг үүрэгтүн. Би нэг жилийг нэг хоног болгон чамд дөчин хоногийг товлов. Тэгээд чи Иерусалимын бүслэлт уруу нүүрээ чиглүүлж, нүцгэн гараа сунган түүний эсрэг эш үзүүл. Одоо харагтун. Би чамайг олсоор хүлэх болно. Ингэснээр чи бүслэлтийн хоногуудыг дуусгах хүртэл нэг талаас нөгөө тийш эргэж чадахгүй болно. Гэвч чиний хувьд, буудай, арвай, вандуй, зармаг, хар будаа, хөц будааг авч, тэдгээрийг нэгэн саванд хийж, түүгээр өөртөө талх хий. Чи хажуулдан хэвтэх хоногуудын тоогоор, гурван зуун ер хоногийн турш түүнийг идэх ёстой. Идэх хүнс чинь жингээрээ хоногт хорин шекел байх ёстой. Чи үүнийг хэд хэд хуваан идэх ёстой. Уух ус чинь хэмжээгээрээ хинийн зургааны нэг байж, чи үүнийг хэд хэд хуваан уух ёстой. Чи үүнийг арвайн бин мэт болгож, нүднийх нь өмнө хүний баасаар шарж ид гэв. Тэгээд ЭЗЭН —Ийнхүү Би тэднийг цөлөх үндэстнүүдийн дунд Израилийн хөвгүүд бузар хүнсээ идэх болно гэж айлдав. Дараа нь би —Аяа, Эзэн БУРХАН. Харагтун, сэтгэл минь хэзээ ч бузартаагүй. Би залуу наснаасаа эдүгээ хүртэл үхдэл юмуу сэглүүлж тасчуулсныг хэзээ ч идсэнгүй. Мөн цэвэр бус мах миний аманд ороогүй гэв. Тэгээд Тэр надад —Хар, би чамд хүний баасны оронд үхрийн аргалыг өгье. Чи түүгээр талхаа бэлдэгтүн гэв. Тэгээд Тэр надад —Хүний хүү, харагтун, Би Иерусалимд хүнсний нөөцийг үгүй болгох гэж байна. Тэд талхыг жинлэн зовнилтойгоор идэж, усыг хэмжиж хиртхийлт дор уух болно. Талх, ус хомс болно. Тэд бие биенээ хиртхийн харж хилэнц дотроо турж эцнэ.