Езекиел 36:1-15
Езекиел 36:1-15 АБ2013
Хүний хүү! Израилийн уулсад эш үзүүл. “Израилийн уулс аа. ЭЗЭНий үгийг сонсогтун. Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Дайсан чиний эсрэг “Ха-ха, мөнхийн өндөрлөгүүд бидний өмч болов” гэж хэлсэн. Тиймээс эш үзүүл. Бас Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Тэд чамайг эзгүйрүүлж, бүхий л талаас чинь няцалсан нь чи бусад үндэстнүүдийн өмч болж, ард түмнүүдийн дунд базаахгүй үг, хэл амны бай болохын тулд юм» гэж хэл.» Тиймээс Израилийн уулс аа, Эзэн БУРХАНы үгийг сонс. Эзэн БУРХАН уулс толгодод, жалга хөндийнүүдэд, хоосорсон балгасуудад мөн эргэн тойрны бусад үндэстнүүдийн олз, тэдэнд элэглэл болсон хаягдсан хотуудад ингэж айлдаж байна. Эзэн БУРХАН ийнхүү айлдахдаа «Үнэхээр хардалтынхаа гал дотор Би бусад үндэстнүүдийн, бүх Едомын эсрэг айлдсан. Тэд нутгийг минь олз болгон авахын тулд зүрхнийхээ угаас баярлан сэтгэлээрээ шоолон байж, өөрсдөдөө өмч болгон авчээ» гэв. Тиймээс Израилийн газрын тухай эш үзүүлж, уулс толгод, жалга хөндийнүүдэд өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж «Харагтун. Та нар үндэстнүүдийн басамжлалыг тэвчсэн учир Би хардалт, хилэн дотроо айлдсан билээ» гэв.” Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Та нарыг хүрээлэн буй үндэстнүүд ичгүүрээ заавал үүрэх болно гэж Би тангарагласан. Харин Израилийн уулс аа, та нар мөчрүүдээ ургуулж, Миний ард түмэн Израилийн төлөө үр жимснүүдээ ургуулах болно. Учир нь тэд удахгүй ирнэ. Харагтун, Би чиний төлөө байгаа бөгөөд Би чам уруу эргэж, чи хагалагдан тариалагдах болно. Би чиний дээр хүмүүсийг, Израилийн бүх гэрийг бүгдийг нь олшруулна. Хотууд оршин суугчидтай болж, балгасууд сэргээн баригдана. Би чиний дээр хүн амьтныг олшруулна. Тэд олширч, үржих болно. Би чамайг урьдын адил оршин суугчидтай болгож, анхныхаас илүү сайнаар чамд хандана. Тийнхүү чи Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Тийм ээ, Би Өөрийн ард түмэн израиль хүмүүсийг чам дээгүүр явуулж, чамайг эзэгнүүлнэ. Тийнхүү та нар дахин тэднийг хүүхдүүдээс нь хагацаахгүй өв нь болно.” Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Тэд чамд «Чи хүмүүсийг залгигч бөгөөд үндэстнээ хүүхдүүдээс нь хагацаасан» гэж хэлсэн учраас, чи дахин хүмүүсийг залгихгүй, дахин үндэстнээ хүүхдүүдээс нь хагацаахгүй.” Тийнхүү Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Би дахин чамд үндэстнүүдийн басамжлалыг сонсгохгүй. Чи дахин ард түмнүүдийн доромжлолыг үүрэхгүй. Чи үндэстнээ дахин бүдрүүлэхгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна” гэв.