Езекиел 25:1-17

Езекиел 25:1-17 АБ2013

ЭЗЭНий үг надад ирж — Хүний хүү чи, Аммоны хөвгүүдийн зүг нүүрээ хандуулж, тэдний эсрэг эш үзүүлэн Аммоны хөвгүүдэд өгүүл. “Эзэн БУРХАНы үгийг сонс! Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Ариун газар минь бузарлагдан Израилийн газар эзгүйрч, Иудагийн гэр цөлөгдөн явсан үед та нар тэдний эсрэг “ха ха” хэмээсэн. Тиймээс харагтун, Би та нарыг дорнын хөвгүүдэд өмч болгон өгөх гэж байгаа бөгөөд тэд чиний хотон дунд хуарангаа барьж, сууцаа босгон үр жимсийг чинь идэж, сүүг чинь уух болно. Би Раббаг тэмээний бэлчээр, Аммоны хөвгүүдийг хонины хэвтэр болгоно. Тийнхүү та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно” Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нар алга ташиж, хөлөө дэвсэлж, Израилийн нутгийн эсрэг жигшилт зүрхээрээ баяссан тул, харагтун, Би та нарын эсрэг мутраа сунгаж, та нарыг үндэстнүүдэд олз болгон өгнө. Би та нарыг ард түмнүүдээс таслан та нарыг газруудаас устгана. Би та нарыг сөнөөнө. Ийнхүү та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.» Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Моаб Сеир нар “Харагтун, Иудагийн гэр нь бүх үндэстэнтэй адил юм” хэмээсэн. Тиймээс харагтун, Би тэр нутгийн алдар нь болох Бет-иешимот, Баал-меон, Кириатаим, түүний хил хязгаар дахь хотуудыг, Моабын хотуудын хажуу бөөрийг нээх гэж байна. Би түүнийг Аммоны хөвгүүдийн хамт дорнын хөвгүүдэд өмч болгон өгөх нь Аммоны хөвгүүд үндэстнүүдийн дунд дурсагдахгүй байхын тулд юм. Тийнхүү Би Моабт шүүхийг хэрэгжүүлж, тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.» Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Едом нь өшөө авснаараа Иудагийн гэрийн эсрэг үйлдэн эмгэнэлт гэмд унаж, өөрсдийгөө тэдэнд өширхөгч болгосон.» Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би бас Едомын эсрэг мутраа сунгаж, түүнээс хүн амьтныг таслах болно. Би түүнийг балгас болгоно. Теманаас Дедан хүртэл тэд илдэнд унана. Миний ард түмэн Израилийн гараар Би Едомоос өшөөгөө авах болно. Тиймээс уурын минь дагуу, хилэнгийн минь дагуу Едомд үйлдэх болно. Тийнхүү тэд өшөө авалтыг минь мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Филистчүүд эртний дайсагналаар устгахын тулд өс хонзонгоор үйлдэж, жигшсэн зүрхээр өшөө авчээ.» Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун, Би филистчүүдийн эсрэг мутраа сунгаж, керетчүүдийг ч хүртэл таслан тэнгисийн эргийн үлдэгсдийг ч устгана. Би тэдний дээр хилэгнэлийн зэмлэлтэй хамт агуу өшөө авалтыг гүйцэлдүүлэх болно. Би тэдний дээр өшөө авалтаа тавих үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно» гэв.