Езекиел 24:1-27

Езекиел 24:1-27 АБ2013

Есдүгээр оны аравдугаар сард, уг сарын арванд ЭЗЭНий үг надад ирж — Хүний хүү, яг энэ өдрийг, энэхүү өдрийн нэрийг бич. Яг энэ өдөр Вавилоны хаан Иерусалимын эсрэг бүслэлт босголоо. Тэрслүү гэрт сургаалт зүйрлэлийг өгүүлэн тэдэнд “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Тогоогоо тавь, тогоогоо тавь, Бас дотор нь ус хий. Хэсгүүд, бүх сайн хэсгүүдийг дотор нь хий, Гуя хаа, шилсэн яснуудаар дүүргэ. Хонин сүргээс шилдгийг ав. Мөн тогоон дор түлээ овоол. Үүнийгээ сайтар чана. Доторх яснуудыг нь буцалга» Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Цуст хот, өнгөр нь үл арилах өнгөртэй тогоо золгүй еэ. Түүнээс хэсэг хэсгийг сонголгүйгээр гарга. Учир нь түүний цус голд нь байна. Тэр түүнийгээ нүцгэн хадан дээр урсгажээ. Тэр цусаа шороонд хучигдахаар газарт асгасангүй. Өшөө авах хилэн гарч ирэхээр, Би түүний цусыг далдлуулахгүйн тулд нүцгэн хадан дээр урсгасан» Тиймээс, Эзэн БУРХАН ингэж айлджээ. «Цуст хот золгүй еэ! Би бас мод овоолсныг агуу их болгоно. Мод овоолон гал ноцоож, Махыг сайтар чанаж, амтлагчуудаар амтал. Яснууд нь шатаагдаг. Хоосон тогоог нүүрсэн дээр тавь. Ингэснээр тэр халж, хүрэл нь гялалзан Доторх бузар нь хайлж, өнгөр нь арилах юм. Тэр Намайг нөр их хөдөлмөрөөр ядраажээ. Гэсэн ч түүний үлэмж их өнгөр нь түүнээс арилсангүй. Түүний өнгөр нь гал дотор байг! Чамайг Би булай завхайрлаас чинь цэвэршүүлсэн атал Чи цэвэр бус байна. Би чам дээр хилэнгээ гүйцээх хүртэл Чи дахин цэвэршүүлэгдэхгүй. ЭЗЭН Би айлдав. Энэ нь ирж буй бөгөөд Би үйлдэх болно. Би зөөлрөхгүй, Би өрөвдөхгүй, Би харамсахгүй. Зам ба үйлсийн чинь дагуу Би чамайг шүүнэ» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.” Тэгээд ЭЗЭНий үг надад ирж — Хүний хүү чи, харагтун, Би нэг үлээлтээр нүдний чинь хүслэнг чамаас авах гэж байна. Гэвч чи гаслах ёсгүй, уйлах ёсгүй, нулимс чинь ч урсах ёсгүй. Чимээгүй гашууд. Үхэгсдийн төлөө бүү гасал. Толгойдоо даавуу ороож, хөлдөө гутал өмс. Сахлаа бүү далдал. Хүмүүсийн талхыг бүү ид гэв. Тиймээс өглөө нь би хүмүүст яриад, үдэш нь миний эхнэр үхлээ. Өглөө нь надад тушаасан ёсоор би үйлдсэн. Хүмүүс надаас —Чиний үйлдэж буй энэ зүйлс бидний хувьд ямар учиртай болохыг чи бидэнд хэлж өгөхгүй юм уу? гэж асуув. Тэгээд би тэдэнд —ЭЗЭНий үг надад ирж, “Израилийн гэрт өгүүлэхдээ «Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Харагтун. Хүч чадлын чинь сүр, нүдний чинь хүслэн, сэтгэлийн чинь баясгалан болох ариун газраа Би буртаглах гэж байна. Та нарын ардаа орхисон хөвгүүд, охид чинь илдэнд унана. Та нар Езекиелийн үйлдсэн адил үйлдэх болно. Та нар сахлаа далдлахгүй, хүмүүсийн талхыг идэхгүй. Толгойдоо боолт ороож, хөлдөө шаахай өмссөн чигээрээ та нар гаслахгүй, уйлахгүй, харин хилэнц дотроо ялзран бие биедээ ёолох болно. Тийнхүү Езекиел нь та нарт тэмдэг болно. Түүний үйлдсэн бүхний дагуу та нар ч үйлдэх болно. Энэ нь биелэхэд та нар Намайг Эзэн БУРХАН мөн гэдгийг мэдэх болно.”» “Хүний хүү чиний хувьд, Би тэдний бардамналын баясгалан, нүдний хүслэн, зүрхний баясал нь болох бат цайзыг мөн хөвгүүд охидыг нь авах тэр өдөрт, тэр өдөр амь мултарсан нэгэн нь чихэнд чинь мэдээ мэдүүлэхээр чамд ирэх бус уу? Тэр өдөр амь мултарч ирсэн тэр хүнд ам чинь нээгдэж, цаашид хэлгүй байхгүй, чи ярина. Тийнхүү чи тэдэнд тэмдэг болж, тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно”