Езекиел 20:33-49
Езекиел 20:33-49 АБ2013
Үнэхээр хүчит мутар, сунгасан гараараа, цутгасан хилэнгээрээ Би та нарыг лавтай хаанчлах болно. Би амьд! гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Би хүчит мутар, сунгасан гар, цутгасан хилэнгээр та нарыг ард түмнүүдийн дундаас авчирч мөн та нарын тараагдсан газруудаас та нарыг цуглуулна. Би та нарыг ард түмнүүдийн цөлд авчирч, тэнд нүүр нүүрээрээ та нартай шүүхэд орно. Эцгүүдийг чинь Египет нутгийн цөлд шүүсэн адил тийнхүү Би та нарыг шүүнэ» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Би та нарыг таяган доогуур явуулж, та нарыг гэрээний холбоосонд оруулна. Би та нарын дотроос тэрслэгчдийг, Миний эсрэг тэрслэл үйлдэгчдийг гаргана. Би тэднийг цагаачилж суугаа газраас нь гаргах боловч тэд Израилийн нутагт орохгүй. Тийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Израилийн гэр ээ, чиний хувьд, явж хүн бүр шүтээнүүддээ үйлчил. Харин хожим та нар үнэхээр Намайг сонсож, цаашид өргөл, шүтээнүүдээрээ ариун нэрийг минь бузарлахгүй» гэж Эзэн БУРХАН айлдаж байна. Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Учир нь Миний ариун уул, Израилийн өндөр уулан дээр, тэнд Израилийн хамаг гэр, тэд бүгд тэр газарт Надад үйлчлэх болно. Тэнд Би тэднийг хүлээн зөвшөөрч, бүх ариун юмны чинь хамт, хандив, бэлгүүдийн чинь хамгийн шилмэлийг хайх болно. Та нарыг ард түмнүүдийн дундаас гаргаж, тараагдсан газруудаас чинь цуглуулах цагт Би та нарыг тааламжит үнэр мэт хүлээн зөвшөөрнө. Үндэстнүүдийн нүдэн дээр та нарын дунд Би Өөрийгөө ариун гэдгийг нотолно. Би та нарыг эцгүүдэд чинь өгөхөөр тангарагласан газар болох Израилийн нутагт авчрах цагт та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Бузарласан замууд ба үйлдэлээ та нар тэнд санах болно. Та нар үйлдсэн муу муухай хамаг зүйлээсээ болж өөрсдөө өөрсдөөсөө эгдүүцэн жигших болно. Израилийн гэр ээ, Би муу явдлаар чинь эсвэл завхарсан үйлсийн чинь дагуу бус, харин нэрийнхээ төлөө та нарт ийн үйлдэхэд та нар намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. Одоо ЭЗЭНий үг надад ирж — Хүний хүү, өмнө зүгт нүүрээ чиглүүлж, өмнөдийн эсрэг өгүүлэн Негевийн ойтой газрын эсрэг эш үзүүл. Негевийн ойд “ЭЗЭНий үгийг сонсогтун. Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун, Би чиний дотор гал асаах гэж байна. Тэр гал чиний доторх хамаг ногоон модыг хатсан мод бүрийн адилаар шатаана. Дүрэлзсэн дөл нь унтралгүй, өмнөдөөс умард хүртэл газрын гадарга бүхэлдээ түүгээр шатаагдана. ЭЗЭН Би түүнийг шатаасан гэдгийг бүх махбод харах болно. Тэр нь унтрахгүй» гэж өгүүл” гэв. Тэгээд би —Аяа, Эзэн БУРХАН. Тэд миний тухай “Тэр зөвхөн сургаалт зүйрлэлийг өгүүлэгч бус уу?” гэж хэлэв гэлээ.