Езекиел 20:1-32
Езекиел 20:1-32 АБ2013
Долдугаар оны тавдугаар сард, уг сарын арванд Израилийн хэсэг ахмадууд ЭЗЭНээс асуухаар ирж, миний өмнө суув. ЭЗЭНий үг надад ирж — Хүний хүү чи, Израилийн ахмадуудтай ярилцан тэдэнд ингэж хэлэгтүн. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нар Надаас асуухаар ирсэн үү? Би та нараар асуугдахгүй. Би амьд!» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.” Чи тэднийг шүүх үү, хүний хүү чи тэднийг шүүх үү? Тэдэнд эцэг өвгөдийнх нь жигшүүрийг мэдүүлж, тэдэнд “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би Израилийг сонгох өдөртөө Иаковын гэрийн үр удамд тангараглаж, Египетийн нутагт Өөрийгөө тэдэнд мэдүүлсэн. Би бол Бурхан ЭЗЭН чинь гэж айлдаж тэдэнд тангараглав. Би тэднийг Египетийн нутгаас авчирч, тэдний төлөө Миний сонгосон бүх газрын сор, сүү, зөгийн балаар урсах тэр газарт оруулахыг Би тэдэнд тэр өдөр тангараглав. Би тэдэнд “Хүн бүр чинь нүдийг нь татсан ой гутам юмсыг зайлуулж, Египетийн шүтээнүүдээр өөрсдийгөө бүү бузарла. Би Бурхан ЭЗЭН чинь мөн” гэж айлдав. Гэвч тэд Миний эсрэг тэрсэлж, Намайг сонссонгүй. Тэд нүдийг нь татсан ой гутам юмсыг зайлуулсангүй, Египетийн шүтээнүүдийг ч орхисонгүй. Тэгээд Би “Египетийн нутгийн дунд тэдний эсрэг хандсан уураа гаргахын тулд хилэнгээ тэдний дээр цутгана” гэсэн юм. Дунд нь тэдний сууж буй үндэстнүүдийн нүдний өмнө нэрээ бузарлуулахгүйн тулд Би нэрийнхээ төлөө ийн үйлдэв. Би үндэстнүүдийн нүдний өмнө тэднийг Египетийн нутгаас гаргаснаараа тэдэнд Өөрийгөө мэдүүлсэн. Ийнхүү Би тэднийг Египетийн нутгаас гаргаж, цөлд авчирсан. Би тэдэнд зарлигуудаа өгч, тогтоолуудаа мэдүүлсэн. Ингэснээр хүн тэдгээрийг биелүүлбэл түүгээр амьд байна. Бас тэднийг ариусгадаг ЭЗЭН Би мөн гэдгээ тэдэнд мэдүүлэхээр Миний болон тэдний хооронд тэмдэг болгож Амралтын өдрүүдээ Би тэдэнд өгсөн. Гэвч Израилийн гэр цөлд Миний эсрэг тэрслэв. Тэд зарлигуудаар минь эс явав. Хэрэв хүн тэдгээрийг биелүүлбэл амьд явах учиртай тогтоолуудаас минь ч татгалзсан. Амралтын өдрүүдийг минь тэд ихэд буртаглав. Тэгээд Би тэднийг дуусгахын тулд цөлд байхад хилэнгээ дээрээс нь асгана гэсэн. Гэвч тэднийг дагуулан гаргахыг харж байсан үндэстнүүдийн нүдний өмнө нэрээ бузарлуулахгүйн тулд Би нэрийнхээ төлөө үйлдэв. Бас Миний тэдэнд өгсөн сүү, зөгийн бал урсдаг бүх газрын алдар нь болох тэрхүү газарт Би тэднийг оруулахгүй гэж тэдэнд Би цөлд тангарагласан нь тэд тогтоолуудаас минь татгалзаж, Миний зарлигуудаар эс яван Амралтын өдрүүдийг минь буртагласан учир юм. Зүрх нь шүтээнүүдийнхээ араас дагав. Гэсэн ч Миний мэлмий тэднийг устгахын оронд өрөвдөж, Би тэднийг цөлд хүйс тэмтэрчихээгүй. Би цөлд хүүхдүүдэд нь “Та нар эцгүүдийнхээ тогтоомжуудаар бүү яв, шийдвэрүүдийг нь эс сахь, шүтээнүүдээр нь өөрсдийгөө бүү бузарла. Би бол та нарын Бурхан ЭЗЭН. Зарлигуудаар минь явж, тогтоолуудыг минь сахиж, тэдгээрийг үйлд. Амралтын өдрүүдийг минь ариун байлга. Та нар Намайг Бурхан ЭЗЭН чинь гэдгийг мэдэхийн тулд эдгээр нь та нар ба Миний хооронд тэмдэг болно” хэмээв. Гэтэл хүүхдүүд Миний эсрэг тэрсэлсэн. Тэд зарлигуудаар минь эс явж, хүн тэдгээрийг үйлдвэл түүгээр амьд явах тогтоолуудыг минь ч сахин үйлдээгүй. Тэд Амралтын өдрүүдийг минь буртагласан. Тиймээс цөлд тэдний эсрэг уураа гаргахын тулд Би тэдний дээр хилэгнэлээ цутгана гэсэн. Гэвч дагуулан гаргахыг харсан үндэстнүүдийн нүдний өмнө нэрээ буртаглуулахгүйн тулд Би мутраа буцааж, нэрийнхээ төлөө үйлдсэн. Тэднийг үндэстнүүдийн дунд цацаж, нутгуудаар тараахаар Би цөлд тэдний эсрэг гараа өргөсөн. Учир нь тэд тогтоолуудыг минь эс үйлдэн, зарлигуудаас минь татгалзаж, Амралтын өдрүүдийг минь буртагласан бөгөөд нүд нь эцгүүдийнхээ шүтээний араас дагасан. Ингээд сайн бус тогтоомжуудыг, түүгээр амьдарч үл чадах шийдвэрүүдийг Би тэдэнд өгсөн. Тэд хэвлийг анх нээгч бүхнийг гал дундуур гаргасан тэрхүү өргөлөөс нь болж Би тэднийг бузар гэж зарласан. Тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэхийн тулд Би тэднийг эзгүйрүүлэх юм.»” Тиймээс, хүний хүү, Израилийн гэрт өгүүлэн тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Эцэг өвгөд чинь Надад харш юм хийж Намайг доромжлов. Миний тэдэнд өгөхөөр тангарагласан газарт Би тэднийг авчрахад тэд өндөр толгод бүрийг, саглагар мод бүрийг үзээд тэнд тахилуудаа өргөсөн бөгөөд тэд өргөлөөрөө өдөөн хатгалгыг өргөн барив. Тэнд бас тааламжит үнэрийг хийж, ундаан өргөлөө тэд асгав. Тэгээд Би тэдэнд “Та нарын очдог өндөр газар юу вэ?” гэв. Тиймээс энэ өдрийг хүртэл түүний нэрийг Бама гэж дуудаж байсан.»” Тиймээс Израилийн гэрт өгүүл. — Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нар эцгүүдийнхээ замнал ёсоор бузарлагдаж, ой гутам юмсыг нь дуурайн садар самууныг үйлдэх үү? Өргөлүүдээ өргөж, хөвгүүдээ гал дундуур гаргаж байхдаа та нар энэ өдрийг хүртэл өөрсдийгөө бүх шүтээнээрээ бузарлаж байна. Израилийн гэр ээ, Би та нараар зөвлүүлэх ёстой юу? Би амьд! Би та нараар зөвлүүлэхгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. Та нар “Бид мод, чулуунд мөргөж буй үндэстнүүд, газрын овгуудтай адил болно” гэж өгүүлэхэд бодолд чинь буй зүйлс биелэхгүй.