Езекиел 2:1-10

Езекиел 2:1-10 АБ2013

Тэгээд Тэр надад —Хүний хүү, хөл дээрээ босогтун, Би чамтай ярина гэв. Түүнийг ярьж байх зуур над уруу Сүнс орж, намайг хөл дээр минь босгов. Тэр надад айлдахыг би сонсов. Тэр надад —Хүний хүү, Би чамайг Израилийн хөвгүүд уруу, Миний эсрэг тэрсэлсэн тэрслүү ард түмэн уруу илгээж байна. Тэд ч, эцэг өвгөд нь ч энэ өдрийг хүртэл Миний эсрэг тэрсэллээ. Зөрүүд, гөжүүд хүүхдүүд болох тэдэн уруу Би чамайг илгээж байна. Чи тэдэнд “Эзэн БУРХАН ингэж айлдсан” гэж хэл. Тэдний хувьд, тэд тэрслүү гэр тул сонссон ч, эс сонссон ч дунд нь эш үзүүлэгч байсан гэдгийг тэд мэдэх болно. Хүний хүү, тэднээс бүү ай. Хэдийгээр өргөст халгай, сундуу чамтай хамт байж, чи хилэнцэт хорхойнууд дээр суулаа ч тэд тэрслүү гэр тул үгсээс нь чи бүү ай, царайнаас нь чи бүү эмээ. Тэд сонссон ч, эс сонссон ч чи үгсийг минь тэдэнд хэлэх ёстой. Учир нь тэд тэрслүү юм. Одоо хүний хүү чи, Миний чамд айлдаж буй зүйлийг сонс. Тэрхүү тэрслүү гэрийн адил бүү тэрслүү бай. Амаа нээж, Миний чамд өгч буй юмыг ид гэв. Тэгээд намайг харахад, үзэгтүн, миний зүг мутар сунгагдан түүний дотор нэгэн хуйлмал ном байв. Тэр үүнийг миний урд дэлгэхэд энэ нь ар өвөргүй бичигдсэн байх агаад түүн дээр гашуудал ёолоон ба халаглаан бичигдсэн байв.