Езекиел 19:1-14

Езекиел 19:1-14 АБ2013

Чиний хувьд, Израилийн ноёдын төлөө гашуудлыг дуулж, “Эх чинь арслангуудын дунд Ямар эрслэн байсан гээч! Гүегүүдээ өсгөхдөө тэрээр залуу арслангуудын дунд хэвтэж, Гүегүүдээсээ нэгийг өсгөсөнд тэр нь арслан болж, олзоо тасчихыг сурчээ. Хүмүүсийг тэр идэхэд Үндэстнүүд түүний тухай сонсож, Тэдний нүхэнд тэрээр унан баригдахад Түүнийг дэгээгээр чирч, Египетийн газарт авчрав. Эрслэн хүлээж цөхрөөд, найдвар нь алдагдсаныг мэдэхдээ, Тэрээр гүегүүдээсээ өөр нэгийг авч, залуу арслан болгов. Тэр арслангуудын дундуур хэрэн явжээ. Тэр залуу арслан болоод, олзоо тасчихыг сурчээ. Тэр хүмүүсийг идэв. Тэр бэхлэгдсэн цамхгуудыг нь нурааж, Хотуудыг нь балгас болгов. Түүний архирах дуунаас болж, Газар хийгээд түүгээр дүүрэн буй юмс балмагджээ. Дараа нь үндэстнүүд мужуудаасаа, Бүх талаас түүний эсрэг дайрч, түүн дээр тороо хаяв. Арслан нүхэнд нь унаж баригдахад Тэд түүнийг дэгээтэй торонд хийгээд, Вавилоны хаанд аваачив. Дууг нь Израилийн ууланд дахин сонсогдуулахгүйн тулд Тэд түүнийг агнуурын торонд оруулав. Эх чинь усан үзмийн төгөлд усны дэргэд суулгасан Усан үзмийн мод адил байжээ. Бялхам их устай учир энэ нь ургац ихтэй, сагсайсан мөчрүүдтэй байв. Тэр нь захирагчдын очирт таяг болохуйц хүчит мөчрүүдтэй байсан, Түүний өндөр нь үүлнээс дээгүүр өргөгдсөн. Бөөн мөчрүүдтэйгээ бүр илүү өндөр үзэгдэж байсан. Гэвч тэр нь хилэнгээр сугалагдав. Тэр нь газарт хаягдав. Дорнын салхи түүний жимсийг хатаажээ. Түүний хүчит мөчир ч хугалагдсанаар хувхайрав. Гал түүнийг шатаажээ. Одоо тэр нь цөлд, хуурай, ангасан газарт суулгагджээ. Түүний мөчрөөс гал гарч, Залуу мөчир ба жимсийг нь шатаав. Ингэснээр түүнд захирагчийн очирт таяг Хүчит мөчир байхгүй болов.” Энэ бол гашуудал бөгөөд гашуудалд зориулагдав.