Езекиел 18:1-32

Езекиел 18:1-32 АБ2013

Дараа нь ЭЗЭНий үг надад ирж — Израилийн газрын тухай “Эцгүүд гашуун усан үзэм иджээ. Харин хүүхдүүдийн нь шүд мохоо ажээ” хэмээх энэхүү зүйр үгээр зүйрлэснээрээ та нар юуг хэлэх гэв? Би амьд! Энэ зүйр үгээр Израилийг та нар дахин зүйрлэхгүй гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Харагтун, бүх амь Минийх юм. Эцгийн амь хөвгүүний амь адилхан Минийх юм. Нүглийг үйлдэгч амь үхэх болно. Харин хүн зөвт агаад шударга зөвийг үйлдэж, уулан дээр үл идэн Израилийн гэрийн шүтээнүүд уруу нүдээ өргөдөггүй, хөршийнхөө эхнэрийг бузарладаггүй, сарын тэмдгийнх нь үед эхнэртээ хүрдэггүй, ямар ч хүнийг үл дарлан, харин өртөнд барьцааг нь буцааж өгдөг, дээрэм тонуул хийдэггүй, харин өлссөн хүнд талхаа өгч, нүцгэн хүнд хувцас нөмөргөдөг, хүүтэй зээлүүлдэггүй мөн өсгөж авдаггүй, гараа гажуудлаас татаж, хүн хүний хооронд үнэн шүүлтийг гүйцэлдүүлдэг, үнэнээр үйлдэн зарлигуудаар минь алхаж, тогтоолуудыг минь сахидаг аваас тэрээр зөвт нэгэн бөгөөд заавал амьд үлдэнэ” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Тэгээд түүнд дээрэмчин, цус урсгадаг, дараах зүйлсийн алийг ч ах дүүдээ хийдэг хүү төрвөөс хэдийгээр тэр өөрөө эдгээрийн алийг ч хийгээгүй боловч тэр хүү нь уулан дээр идэж, хөршийнхөө эхнэрийг бузарлаж, ядуу, үгээгүйг дарлан дээрэм тонуул хийж, барьцааг эс буцааж, шүтээнүүд уруу нүдээ өргөн жигшүүрт хэргийг үйлддэг, хүүтэйгээр зээлүүлж, өсгөж авдаг байваас тэр амьд үлдэх үү? Амьд үлдэхгүй. Энэ бүх жигшүүрийг үйлдсэн учир тэр заавал үхнэ. Түүний цус өөр дээр нь байна. Одоо харагтун, хэн нэгэнд хүү төрж, тэр нь эцгийнхээ үйлдсэн бүх нүглийг үзээд, харж түүнчлэн эс үйлдвээс, уулын бунхан дээр үл иддэг агаад Израилийн гэрийн шүтээнүүд уруу нүдээ эс өргөдөг мөн хөршийнхөө эхнэрийг бузарлаагүй, хэнийг ч үл дарлан барьцааны юмыг эс дарж, дээрэм тонуул хийлгүй, харин өлссөн хүнд талхаа өгч, нүцгэнд хувцас нөмөргөн ёс бусаас гараа татаж, хүү ба илүүдлийг үл аван, харин тогтоолуудыг минь гүйцэлдүүлж, Миний зарлигуудаар алхваас тэрээр эцгийнхээ хилэнцийн улмаас үхэхгүй, тэр заавал амьд үлдэнэ. Харин эцэг нь дарлалыг үйлдэж, ах дүүгээ дээрэмдэж тонон ард түмнийхээ дунд сайн бусыг үйлдсэн учир, харагтун, тэрээр өөрийнхөө хилэнцийн улмаас үхнэ. Гэсэн ч та нар «Яагаад хүү нь эцгийнхээ хилэнцийн төлөөх шийтгэлийг эс үүрнэ вэ?» хэмээдэг. Хүү нь шударга зөвийг үйлдэж, бүх зарлигийг минь сахин тэдгээрийг үйлдвээс тэр заавал амьд үлдэнэ. Нүгэл үйлдэгч амь үхэх болно. Хүү нь эцгийнхээ хилэнцийг үүрэхгүй, эцэг нь ч хүүгийнхээ хилэнцийг үүрэхгүй. Зөвтөд зөв нь, буруутад гэм буруу нь байна. Гэвч буруут нь үйлдсэн хамаг нүглээсээ эргэж, бүх зарлигийг минь сахин шударга зөвийг үйлдэх аваас тэрээр заавал амьд үлдэнэ, тэр үхэхгүй. Үйлдсэн хамаг гэмт үйлдэл нь түүний эсрэг үл дурсагдана. Үйлдсэн зөвт байдлаараа тэр амьдарна. Буруут нь замаасаа эргэж, амьд үлдэхээс илүүгээр түүний үхэлд Би баярлана гэж үү? хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна. Гэвч зөвт нэгэн зөвт байдлаасаа эргэж, гажуудлыг үйлдээд, буруутын хийдэг хамаг жигшүүрийг үйлдэх аваас тэр амьд үлдэх үү? Үйлдсэн бүх зөвт үйлс нь үл дурсагдана. Учир нь урвалт ба үйлдсэн нүглийнхээ улмаас тэр үхэх болно. Гэсэн ч та нар “Эзэний зам тэгш бус байна” гэж хэлдэг. Одоо сонсогтун, Израилийн гэр ээ! Миний зам тэгш бус гэж үү? Тэгш бус нь та нарын замууд бус уу? Зөвт хүн зөвт байдлаасаа эргэж, гажуудлыг үйлдэн түүнээсээ болж үхэх аваас тэрээр үйлдсэн гажуудлынхаа төлөө л үхнэ. Харин буруут нь үйлдсэн гэм буруугаасаа эргэж, шударга зөвийг үйлдэх аваас тэрээр амь амьдралаа аварна. Тэр хараад, үйлдсэн хамаг гэмт үйлдлээсээ эргэсэн учир тэр заавал амьд үлдэнэ, тэр үхэхгүй. Гэсэн ч Израилийн гэр “Эзэний зам тэгш бус байна” гэж хэлдэг. Израилийн гэр ээ, Миний замууд тэгш бус гэж үү? Тэгш бус нь та нарын замууд бус уу? “Тиймээс Израилийн гэр ээ, Би та нарыг хүн бүрийнх нь замналын дагуу шүүнэ” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Хилэнц чинь та нарт бүдрэх чулуу болчихгүйн тулд бүх гэмт үйлдлээсээ эргэ, эргэгтүн. Үйлдсэн хамаг гэмт үйлдэлээ өөрөөсөө зайлуулж, шинэ зүрх, шинэ сүнстэй бол. Израилийн гэр ээ, яагаад чи үхэх ёстой билээ? Учир нь Би үхэгсдийн хэнийх нь ч үхэлд баярладаггүй” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Тиймээс эргэ, эргэвэл амьд үлдэнэ.”