Езекиел 11:1-25
Езекиел 11:1-25 АБ2013
Түүнээс гадна, Сүнс намайг өргөж ЭЗЭНий өргөөний зүүн зүг харсан зүүн хаалганд авчрав. Харагтун, хаалганы үүдэнд хорин таван хүн байсанд ард түмний ноёд болох Аззурын хүү Иаазаниа, Бенаиагийн хүү Пелатиа нар дунд нь байхыг би үзлээ. Тэр надад —Хүний хүү, энэ хотод байгч хүмүүс ёс бусыг сэдэж, ёрын муу зөвлөгөө өгч, “Байшин барих цаг нь болоогүй! Энэ хот бол тогоо, бид бол мах” хэмээдэг. Тиймээс тэдний эсрэг эш үзүүл, хүний хүү чи, эш үзүүл гэв. Тэгээд ЭЗЭНий Сүнс над дээр бууж, надад —“ЭЗЭН ингэж айлдаж байна” гэж хэл. “Израилийн гэр ээ, та нарын юуг хэлж, юу ухаан санаандаа бодож байгааг чинь Би мэднэ. Та нар энэ хотод олныг алж, гудамжнуудыг нь алагдагсдаар дүүргэж байна.” Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Хотын дунд та нарын тавьсан алагдагсад болбоос мах, энэ хот бол тогоо юм. Гэвч Би та нарыг тэр дотроос гаргана. Та нар илднээс айсан. Тиймээс Би та нарын дээр илд авчирна гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. Би та нарыг тэр дундаас гаргаж, гаднынхны гарт тушааж, та нарын эсрэг шүүхийг гүйцэтгэнэ. Та нар илдэнд цохиулан унана. Би та нарыг Израилийн хил хязгаар дотор шүүх бөгөөд Намайг ЭЗЭН гэдгийг та нар мэднэ. Энэ хот та нарт тогоо, та нар ч түүний доторх мах болохгүй. Харин Би Израилийн хил хязгаар дотор та нарыг шүүнэ. Тэгвэл Намайг ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно. Учир нь та нар Миний зарлигуудаар явалгүй, тогтоолуудыг минь гүйцэлдүүлэлгүй, харин эргэн тойронд чинь буй үндэстнүүдийн шийдвэрүүдийн дагуу үйлдсэн” гэв. Ийнхүү намайг эш үзүүлж байхад Бенаиагийн хүү Пелатиа үхэв. Тэгээд би нүүрээрээ унаж чанга дуугаар хашхиран —Аяа, Эзэн БУРХАН. Та Израилийн үлдэгсдийг бүрэн устгах гэж үү? гэлээ. Тэгэхэд ЭЗЭНий үг надад ирж — Хүний хүү, ах дүү, хамаатан, чамтай хамт цөлөгдөгсөд, Израилийн бүхэл гэр, тэд бүгдэд, Иерусалимын оршин суугчид “ЭЗЭНээс хол явагтун. Энэ газар нь бидэнд эзэмшил болон өгөгдсөн” гэлээ. Тиймээс “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би тэднийг алс хол, үндэстнүүдийн дунд шилжүүлж, улсуудын дунд тараасан боловч очсон улсад нь Би түр хугацаанд тэдний төлөө ариун газар нь болж байв.»” Тиймээс “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би та нарыг ард түмнүүдээс цуглуулж, тараагдсан нутгуудаас чинь та нарыг буцаан авчраад, Израилийн нутгийг Би та нарт өгнө.»” Тэд тэнд ирэх цагт ой гутам хамаг юм, хамаг жигшүүрийг тэндээс зайлуулахдаа Би тэдэнд ганц зүрхийг өгч, тэдний дотор шинэ сүнсийг тавина. Махбодоос нь чулуун зүрхийг авч, тэдэнд махан зүрхийг Би өгөх нь тэд Миний зарлигууд дор явж, тогтоолуудыг минь сахин түүнийг үйлдэхийн тулд юм. Тэгээд тэд Миний ард түмэн, Би тэдний Бурхан болно. Харин ой гутам, жигшүүрт юмсынхаа араас зүрхэндээ хөтлөгддөг хүмүүсийн замналыг нь Би толгой дээр нь буцаан буулгана гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна гэв. Тэгээд херубууд далавчаа дэлгэхэд дугуйнууд ч тэдэнтэй хамт байсан бөгөөд Израилийн Бурханы цог жавхлан дээр нь эргэлдэв. ЭЗЭНий цог жавхлан хотын дундаас хөөрөн гарч, хотын зүүн талд буй уулан дээр тогтов. Сүнс намайг өргөж, Бурханы Сүнсээр үзэгдэл дотор намайг Халдеид цөлөгдөгсөд дээр авчирлаа. Тиймээс миний үзсэн үзэгдэл намайг орхив. Дараа нь ЭЗЭНий надад үзүүлсэн бүгдийг би цөлөгдөгсдөд өгүүлэв.