Естер 9:11-19
Естер 9:11-19 АБ2013
Тэр өдөр Суса цайзад алагдсан хүмүүсийн тоог хаанд мэдэгдэхэд хаан, хатан Естерт —Иудейчүүд Суса цайзад таван зуун хүнийг бас Хаманы арван хөвгүүнийг алж, хүйс тэмтэрсэн байна. Тэгвэл хааны бусад аймагт тэд юуг үйлдсэн бол доо? Одоо чиний гуйлт юу вэ? Тэр нь чамд өгөгдөнө. Чи өөр юу хүсээ вэ? Түүнийг чинь гүйцэлдүүлэх болно гэв. Тэгэхэд Естер —Хэрэв хаан үүнийг таалбал, өнөөдрийн зарлиг ёсоор маргааш ч мөн үйлдэхийг Сусад буй иудейчүүдэд зөвшөөрөг. Мөн Хаманы арван хөвгүүнийг ч дүүжлүүрт дүүжлэг гэж хэлэв. Хаан тийнхүү үйлдэг гэж зарлиг болж, зарлиг нь Сусад гарч, Хаманы арван хөвгүүнийг дүүжлэв. Сусад буй иудейчүүд Адар сарын мөн арван дөрөвний өдөр цуглацгаан Сусад гурван зуун хүнийг алсан боловч эд олзонд гар хүрсэнгүй. Мөн хааны аймгуудад буй бусад иудейчүүд амиа хамгаалан дайснуудаасаа ангижрахын тулд цуглаж, өстнүүдээсээ далан таван мянгыг алав. Гэвч тэд олзонд гар хүрсэнгүй. Энэ нь Адар сарын арван гуравны өдөр бөгөөд арван дөрөвний өдөр нь тэд амарч, энэ өдрийг найр наадам, баярын өдөр болгов. Харин Сусад буй иудейчүүд тэр сарын арван гуравны болон арван дөрөвний өдөр цугларч, арван тавны өдөр нь амарцгаан энэ өдрийг найр наадам, баярын өдөр болгов. Тиймээс бэхлэлтгүй хотуудад амьдрагч хөдөө нутгийн иудейчүүд Адар сарын арван дөрөвний өдрийг баясал, найр наадмаар өнгөрүүлж, бие биендээ идээний хувийг илгээх баярын өдөр болгодог.