Ефес 6:5-24
Ефес 6:5-24 АБ2013
Боолууд аа, Христэд ханддаг шигээ та нар махбодын дагуух эздэдээ ч эмээхүй ба чичрэлээр, чин сэтгэлээсээ дуулгавартай бай. Хүнд нийцүүлэгчид шиг нүдэн дээр үйлчлэлгүй, харин та нар Христийн боолууд ёсоор Бурханы хүслийг зүрх сэтгэлээсээ үйлд. Хүмүүст бус харин Эзэнд хэмээн сайн хүслээр үйлчил. Боол эсвэл чөлөөт байх нь ялгаагүй алив хүн сайн зүйл хийвэл тэрээр Эзэнээс түүнийгээ буцааж авна гэдгээ мэд. Эзэд ээ, үүний адил боолууддаа ханд. Тэдний болон та нарын Эзэн тэнгэрт байгааг мөн Тэрээр хэнийг ч ялгаварладаггүйг ойлгож, тэднийгээ бүү айлгаж сүрдүүл. Эцэст нь, Эзэн ба Түүний чадлын аугаа хүч дор хүчтэй байгтун. Та нар диаволын заль мэхний эсрэг зогсож чадахын тулд Бурханы өвч зэвсгийг агс. Учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш, харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид, эрх мэдэл, хүчнүүд, тэнгэрлэг оршихуй дахь ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ. Тиймээс тэр цөвүүн өдөрт, эсэргүүцэх чадвартай байж бүхнийг гүйцээн бат зогсохын тулд Бурханы өвч зэвсгийг ав. Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж, зөвт байдлын хуягийг өмсөж зогс. Амар тайвны сайнмэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс. Энэ бүгд дээр ёрын муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбай, авралын дуулга болон Бурханы үг болох Сүнсний сэлмийг ав. Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд хамаг ариун хүмүүсийн төлөө бүхий л цөхрөлтгүй оролдлого, гуйлтаараа сэргэг бай. Мөн сайнмэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхээр ам минь ангайхад үг өгөгдөхийн төлөө залбир. Үүний төлөө би гинж дор элчин сайд болсон. Ярих ёстой шигээ намайг зоригтой тунхаглахын минь төлөө мөн залбир. Эзэн дор итгэмжит, үйлчлэгч хайрт дүү Тухик, та нарт миний тухай бүгдийг мэдэгдсэнээр миний байдлын тухай болон юу хийж байгааг минь мэдэж авах болно. Тэр бидний байдлыг мэдүүлэн зүрхийг чинь тайвшруулаг гэсэн зорилгоор би түүнийг та нарт илгээлээ. Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс амар амгалан хийгээд хайр нь итгэлийн хамт ахан дүүс та нарт байх болтугай. Бидний Эзэн Есүс Христийг хувиршгүй хайраар хайрлагч бүгдэд нигүүлсэл нь орших болтугай.