Ефес 5:15-33
Ефес 5:15-33 АБ2013
Тиймээс та нар мэргэн бусчууд шиг биш, мэргэн хүмүүсийн ёсоор, хэрхэн алхаж буйгаа хянаж бай. Өдөр хоног цөвүүн тул цагийг үнэл. Тиймээс бүү мунхаг бай. Харин Эзэний хүсэл юу болохыг ухаар. Дарсанд бүү согтуур. Эс бөгөөс хэт самуурал буй. Харин Сүнсээр дүүр. Ингэхдээ дуулал, магтуу ба сүнслэг дуунуудаар өөр хоорондоо ярилцаж, Эзэнд хандаж зүрхэндээ дуулж, ая дуу зохиож, Бурхан ба Эцэгт бүхний төлөө бидний Эзэн Есүс Христийн нэрээр үргэлж талархал өргө. Христээс эмээн нэг нь нөгөөдөө захирагд. Эхнэрүүд ээ, Эзэнд адил нөхрүүддээ захирагд. Учир нь Христ чуулганы тэргүүн байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ тэргүүн юм. Христ Өөрөө тэр биеийн Аврагч мөн. Чуулган Христэд захирагддагийн адил түүнчлэн эхнэрүүд нөхрүүддээ бүх талаар захирагд. Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла. Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгаад түүнийг ямар ч толбо, үрчлээсгүй эсвэл алив ийм юмгүй, харин ариун, гэм зэмгүй байлган Өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн билээ. Тиймээс нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрлагч нь өөрийгөө хайрладаг. Учир нь хэн ч хэзээ ч өөрийн махбодыг үзэн яддаггүй, харин ч тэжээж, халамжилдаг. Христ мөн чуулганд ийнхүү ханддаг. Учир нь бид Түүний биеийн эрхтнүүд юм. “Тиймээс эр хүн эцэг эхээ орхин, эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болно.” Энэ нууц нь агуу юм. Гэвч би Христ ба чуулганы тухайд ярьж байна. Гэхдээ хэн чинь ч өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла. Эхнэр нь нөхрөөсөө эмээж бай.