Дэд хууль 9:9-21

Дэд хууль 9:9-21 АБ2013

Тэр үед би чулуун хавтангууд буюу ЭЗЭНий та нартай байгуулсан гэрээний хавтангуудыг авахаар уул өөд гараад, тэр ууланд дөчин өдөр, дөчин шөнө байхдаа талх ч идээгүй, ус ч уугаагүй. Бурханы хуруугаар бичигдсэн хоёр чулуун хавтанг ЭЗЭН надад өгсөн. Хуран чуулсан тэр өдөр уулын орой дээр галын дундаас та нарт хандаж ЭЗЭНий айлдсан бүх үг тэдгээр хавтан дээр байсан. Тэрхүү дөчин өдөр, дөчин шөнийн эцэст ЭЗЭН надад хоёр чулуун хавтан, гэрээний хавтанг өгсөн. Дараа нь ЭЗЭН надад “Чи босож, эндээс даруй буу. Учир нь Египетээс чиний гаргаж авчирсан ард түмэн чинь ялзарч, Миний тэдэнд тушаасан замаас тэд даруй буцаж, өөрсдөдөө зориулан цутгамал хөрөг бүтээсэн байна” гэсэн. ЭЗЭН цааш нь надад “Би энэ ард түмнийг харлаа, үзэгтүн, тэд хөшүүн хүзүүтэй ард түмэн байна. Надад бүү саад хий. Би тэднийг устгаж, нэрийг нь тэнгэрийн доороос арчин хаяж, чамайг тэднээс илүү хүчтэй, илүү агуу үндэстэн болгоно” гэсэн. Намайг буцаж уулнаас буухад, ууланд гал дүрэлзэж, гэрээний хоёр хавтан хоёр гарт минь байв. Үнэхээр, ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдсэнийг чинь би харсан. Та нар өөрсдөдөө цутгамал тугал бүтээсэн. Та нар ЭЗЭНий тушаасан замаас даруй буцсан учир би өнөөх хоёр хавтанг гартаа авч, та нарын нүдний өмнө шидэж хагалан буталсан билээ. Би ЭЗЭНий өмнө урьдынх шигээ дөчин өдөр, дөчин шөнө түрүүлгээ харан хэвтэж, талх ч идээгүй, ус ч уугаагүй нь та нар ЭЗЭНий мэлмийд ёрын муу зүйлийг хийж, Түүний уур хилэнг өдөөсөн бүх нүглийн чинь учир билээ. ЭЗЭН та нарт хилэгнэж, та нарыг устгах гэсэн уур, хилэнгээс би айсан юм. Харин ЭЗЭН тэр үед ч мөн намайг сонссон. ЭЗЭН, Ааронд ихэд хилэгнэж, түүнийг хөнөөх гэв. Би тэр үед ч мөн Аароны төлөө залбирсан. Та нарын нүгэл болох та нарын бүтээсэн тугалыг би авч галд шатаан, нарийн тоос мэт болтол нь буталж нунтаглаад, уулаас урсан буух горхины усанд цацсан.