Дэд хууль 9:22-29

Дэд хууль 9:22-29 АБ2013

Та нар Табера, Масса, Киброт-хаттаавад байхдаа ЭЗЭНийг бас хилэгнүүлсэн. ЭЗЭН та нарыг Кадеш-барнеагаас явуулахдаа, “Та нар явж, та нарт Миний өгсөн газрыг эзэмшицгээ” гэж хэлсэн. Харин та нар Бурхан ЭЗЭНийхээ тушаалыг тэрслээд Түүнд итгэсэнгүй, Түүний үгийг ч сонссонгүй. Би та нарыг мэдэх болсон тэр өдрөөс хойш та нар ЭЗЭНий эсрэг тэрсэлсээр ирсэн. Та нарыг устгана гэж ЭЗЭН айлдсанаас болж би Түүний өмнө дөчин өдөр, дөчин шөнө түрүүлгээ харан хэвтсэн билээ. Би ЭЗЭНд залбирсан бөгөөд “Эзэн БУРХАН, Та Өөрийнхөө сүр хүчээр зольсон, хүчирхэг мутраараа Египетээс гаргаж авсан Өөрийн ард түмэн, Өөрийн өвийг битгий устгаач! Та Өөрийн зарц Абрахам, Исаак, Иаков нарыг санаач! Энэ ард түмний зөрүүд зан, гэм буруу, нүглийг нь бүү хараач! Эс бөгөөс Таны биднийг гаргаж авсан тэр нутгийнхан «ЭЗЭН тэднийг амласан газартаа аваачих чадалгүй бөгөөд Тэр тэднийг үзэн ядсан учраас тэднийг цөлд алахаар авчирсан» гэж хэлэх болно. Тэд Таны аугаа их хүчээрээ, сунгасан мутраараа гаргаж авчирсан Таны ард түмэн болох Таны өв билээ” гэсэн.