Дэд хууль 7:6-13

Дэд хууль 7:6-13 АБ2013

Чи Бурхан ЭЗЭНдээ ариун ард түмэн мөн. ЭЗЭН Бурхан чинь энэ дэлхий дээр байгаа бүх ард түмнээс чамайг Өөрийнхөө өмчийн ард түмэн болгон сонгосон билээ. Та нар бусад үндэстнээс олон байсан учраас ЭЗЭН та нарыг хайрлаж, сонгосон юм биш. Та нар бүх үндэстнээс хамгийн цөөхөн нь билээ. Харин ЭЗЭН та нарыг хайрласан учраас бас эцэг өвгөдөд чинь өгсөн Өөрийн тангаргыг сахихын тулд та нарыг Тэр хүчирхэг мутраараа гарган авч, боолчлолын гэрээс, Египетийн хаан Фараоны гараас гаргасан билээ. Тиймээс чи мэдэж ав. Бурхан ЭЗЭН чинь Бурхан бөгөөд Тэрээр итгэмжит Бурхан юм. Өөрийг нь хайрлаж, тушаалыг нь дагагчдад Тэр мянган үеийг нь хүртэл гэрээгээ сахиж, хайр энэрэлээ үзүүлдэг. Харин Өөрийг нь үзэн ядагчдад хариуг өгч, устгана. Тэрээр Өөрийг нь үзэн ядагчдад хойшлуулалгүй даруй хариу өгдөг. Тиймээс даган мөрд хэмээн өнөөдөр та нарт миний тушааж байгаа тушаал, зарлиг, шийдвэрүүдийг сахь. Хэрэв та нар энэ бүх хууль цаазыг сонсож, түүнийг ёсчлон дагаж мөрдвөл чиний эцэг өвгөдөд тангарагласан гэрээгээ Бурхан ЭЗЭН чинь сахиж, чамд хайр энэрэлээ хүртээх болно. Тэрээр чамайг хайрлаж, ивээж, чамайг олон болгоно. Чамд өвлүүлэн өгөхөөр эцэг өвгөдөд чинь тангарагласан газар нутаг дээр үр хүүхдүүдийг чинь ивээж, газрын чинь үр жимс болох тариа, усан үзмийн шинэ дарс, тосыг ерөөж, бод, бог малын төлийг чинь өсгөж үржүүлэх болно.