Дэд хууль 4:1-13

Дэд хууль 4:1-13 АБ2013

Израиль аа, одоо, та нар амьд байж, эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНээс та нарт өгч буй тэр газар хүрч очиж, түүнийг эзэмшихийн тулд миний та нарт зааж сургах зарлиг шийдвэрүүдийг сонсоцгоо! Миний та нарт тушааж байгаа, ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сахихын тулд миний та нарт өгч буй тушаалд үг нэмж ч болохгүй, хасаж ч болохгүй! Баал-пеорын хэрэг явдлаас болж ЭЗЭН чухам юу үйлдсэнийг та нар нүдээрээ үзсэн. Учир нь ЭЗЭН Бурхан чинь та нарын дундаас Баал-пеорыг дагасан хүн бүрийг устгасан билээ. Харин ЭЗЭН Бурханаасаа зуурч байсан та бүхэн л өнөөдөр амьд байна. Та нарын хүрч очоод эзэмшин суух тэр газарт та нараар үүнийг дагуулж мөрдүүлэхийн тулд би ЭЗЭН Бурханыхаа надад тушаасан ёсоор та нарт зарлиг, шийдвэрүүдийг сургасан билээ. Тиймээс та нар үүнийг сахиж, үйлдэгтүн! Тэгэх нь та нарын мэргэн ухаан, хэрсүү чанарыг тэр ард түмнүүдийн нүдэнд харуулах бөгөөд тэд энэ бүх зарлигийг сонсоод “Үнэхээр агуу энэ үндэстэн бол мэргэн ухаантай, хэрсүү ард түмэн юм” гэж ярилцах болно. Дуудах бүрд минь бидний Бурхан ЭЗЭН шиг тийм ойрхон байдаг бурхантай агуу үндэстэн хаана байна вэ? Өнөөдөр миний та нарт таниулсан энэ цогц хуулийн адил зөвт зарлиг, шүүлттэй ямар агуу үндэстэн байна вэ? Өөрийгөө анхаарч, сэтгэлээ няхуур хяна. Нүдээр үзсэн бүхнээ чи мартахгүй байж, амьдралын чинь бүх өдрүүдэд тэдгээр нь зүрхнээс чинь замхрахгүй байхын тулд хөвгүүд, ач нартаа таниулж мэдүүл. Санагтун, та нарыг Хореб ууланд ЭЗЭН Бурханыхаа өмнө зогсож байх үед ЭЗЭН “Ард түмнийг Над уруу цуглуул, Би тэдэнд үгээ сонсгоё! Ингэснээр тэд газар дээр амьдрах бүхий л өдрүүддээ Намайг эмээн хүндэтгэхэд сурч, түүнийгээ үр хүүхдүүддээ зааж сургах юм” гэж надад айлдсан билээ. Та нарыг ойртон очоод, уулын бэлд зогссонд тэр уул тэнгэр огторгуйд тултал дүрэлзэн шатаж, үүл бүрхэн манан буданд хучигдаж, тас харанхуй болсон. Тэгээд ЭЗЭН галын дундаас та нарт айлдсан билээ. Та нар үг дуугарахыг сонссон боловч ямар ч дүрс хараагүй, зөвхөн дуу хоолойг л сонссон. Ингэж ЭЗЭН та нарт гэрээгээ зарлаж, даган мөрдөхийг тушаасан. Энэ нь Арван тушаал бөгөөд түүнийгээ хоёр чулуун хавтан дээр Өөрөө бичсэн билээ.