Дэд хууль 19:1-13

Дэд хууль 19:1-13 АБ2013

ЭЗЭН Бурхан чинь эдгээр үндэстнийг устгаад, ЭЗЭН Бурхан чинь газар нутгийг нь чамд өгөхөд чи тэднийг байлдан эзлээд, тэдний хот, орон байруудад нь амьдран суухдаа ЭЗЭН Бурханы чинь чамд эзэмшүүлэхээр өгч буй нутаг дунд өөрсдөдөө гурван хотыг тусгаарла. Чи өөртөө замууд засаж, ЭЗЭН Бурханаас чинь чамд эзэмшил болгон өгч буй нутаг дэвсгэрийг гурван хэсэгт хуваа. Тэгснээр алуурчин хүн тийшээ зугтан очиг. Тийшээ зугтан очиж амь мултарч болох алуурчны хэрэг ийм байх юм. Тэр хөршөө урьдын өс хонзонгоор биш, санамсаргүйгээр алсан тохиолдолд (тухайлбал хүн хөрштэйгөө хамт мод огтлохоор ойд очиж, мод унагахаар гартаа барьсан сүхээр цавчтал сүхний толгой нь ишнээсээ мулт үсрээд, хөршийг нь цохиж, өнөөх хүн үхвэл) тэрээр тэдгээр хотын аль нэгэнд зугтан очиж, амь мултарч болно. Хөршөө урьд өмнийн өс хонзонгоор алаагүй түүнийг алах нь зохисгүй атал цусан өшөө авагчийн уур хилэн нь буцалж, алуурчныг мөрдөн хөөгөөд зам нь урт тул түүнийг гүйцэж очоод алах вий. Тиймээс би чамд “Өөртөө гурван хотыг тусгаарлан ав” гэж тушааж байна. Хэрэв чиний ЭЗЭН Бурхан эцэг өвгөдөд чинь тангарагласан ёсоороо чиний нутгийн хилийг тэлж, эцэг өвгөдөд чинь өгөхөөр амласан бүх газрыг чамд өгвөл мөн чи Бурхан ЭЗЭНээ хайрлан, ямагт Түүний замаар явахын тулд өнөөдөр миний чамд тушааж байгаа энэ бүх тушаалыг даган биелүүлбэл энэ гурваас гадна өөр гурван хотыг нэмж ав. Энэ нь ЭЗЭН Бурханаас чинь чамд өв болгон өгч буй тэр газар дээр гэмгүй цусыг урсгахгүй бөгөөд өөртөө цусны бурууг үүрэхгүйн тулд юм. Харин хүн хөршөө үзэн ядаж, түүнийг отож байгаад, дайран босож амийг нь цохин хөнөөснөөр нөгөө хүн нь үхээд, алуурчин тэдгээр хотын аль нэгэнд зугтан очвол тэр хотын ахмадууд хүн илгээж, түүнийг тэндээс бариад цусан өшөө авагчийнх нь гарт тушааж, түүнийг алуулах ёстой. Сайн сайхан явахын тулд чи түүнийг бүү өрөвдөн хар. Харин гэмгүй цус урсахыг Израилиас зайлуул.