Даниел 9:1-19

Даниел 9:1-19 АБ2013

Халдеичуудын хаанчлалын хаан болсон, медечүүдийн үр удам Ахашверошийн хүү Дариусын анхдугаар онд буюу ноёрхлын анхдугаар онд Даниел би ЭЗЭНий үгээр эш үзүүлэгч Иеремиад илэрхийлэгдсэн Иерусалимын хоосрол дуустал үргэлжлэх жилийн тоог далан жил байгаа гэдгийг номоос мэдсэн. Тиймээс би залбирал, гуйлтаараа мацаг барьж, таар өмсөж, дээрээсээ үнс асган Эзэн Бурханыг хайхаар, Түүн уруу хичээнгүйлэн хандав. Би Бурхан ЭЗЭНдээ залбирч, гэмтэйгээ хүлээн зөвшөөрч, хэлсэн нь —Ээ халаг, Эзэн минь, аугаа, айдас төрөм Бурхан минь. Таныг хайрлаж, тушаалуудыг тань сахигчдад Та гэрээ ба хайр энэрэлээ өгдөг. Бид нүгэл үйлдэж, ёс бусыг хийж, ёр бурууг үйлдэн тэрсэлж, тушаал, тогтоолуудаас тань эргэн холджээ. Түүнээс гадна манай хаад, жононгууд, өвөг дээдэст маань, газар нутгийн бүх ард түмэнд Таны нэрээр ярьсан зарц нар, эш үзүүлэгчдийг тань бид сонсоогүй. Эзэн минь, зөвт байдал Таных. Харин өнөөдрийнх шиг ичгүүр биднийх. Бас иуда хүмүүс, Иерусалимын оршин суугчид мөн бүх Израиль бас Таны эсрэг хийсэн харш юмсынх нь төлөө Таны хөөсөн хол ойрын бүх улсад энэ нь хамаарна. Эзэн минь, бид Таны эсрэг нүгэл үйлдсэн учраас ичгүүр нь биднийх, манай хаад, ноёд, эцэг өвгөдийнх маань билээ. Бид Түүний эсрэг тэрсэлсэн боловч энэрэл уучлал нь Бурхан Эзэнд маань бий. Бурхан Өөрийн зарц нар эш үзүүлэгчдээр дамжуулан өмнө маань тогтоож өгсөн хууль заавраар бид алхсангүй, ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг бид дагасангүй. Хамаг Израиль хууль зааврыг тань зөрчин явж, дуу хоолойг тань дагалгүй эргэн холдсон. Тиймээс бид Түүний эсрэг нүгэл үйлдсэн учир Бурханы зарц Мосегийн хуульд бичигдсэн тангараг ба хараал бидний дээр буужээ. Бидэнд асар их гамшгийг авчрахаар бидний эсрэг, биднийг шүүдэг шүүгчдийн эсрэг айлдсан үгээ Тэр баталжээ. Учир нь Иерусалимд үйлдэгдсэн шиг ийм явдал тэнгэрийн дор хаана ч үйлдэгдэж байсангүй. Мосегийн хуульд бичигдсэн ёсоор энэ бүх гамшиг бидэн дээр буусан билээ. Гэсэн ч хилэнцээсээ эргэж, үнэнийг тань ойлгож авахын тулд ЭЗЭН Бурханыхаа нүүрийг бид хүсэмжлэн хайгаагүй. Тиймээс ЭЗЭН гамшгийг харсаар бидний дээрээс буулгав. Учир нь Бурхан ЭЗЭН маань үйлдсэн бүх хэрэгтээ зөвт байдаг. Харин бид дуу хоолойг нь дагасангүй. Харин одоо хүчирхэг мутраар Өөрийнхөө ард түмнийг Египетийн нутгаас хөтөлж гарган нэрээ энэ өдрийнх шиг нэр алдартай болгосон Бурхан Эзэн минь ээ, бид нүгэл үйлдэж, бурууг хийв. Эзэн минь, зөвт байдлынхаа дагуу Иерусалим хот, ариун уулнаасаа уур хилэнгээ буцааж авах болтугай. Учир нь бидний гэм нүгэл, эцэг өвгөдийн маань хилэнцээс болж Иерусалим болоод ард түмэн чинь бидний эргэн тойрны бүх улсад тохуу болов. Тиймээс одоо Бурхан минь, зарцынхаа залбирал, гуйлтыг сонсоод, Эзэн минь, Өөрийнхөө төлөө нүүрнийхээ гэрлийг Таны хоосорсон ариун газарт тусгаач. Бурхан минь ээ, сонороо талбиж, сонсооч! Мэлмийгээ нээж, хоосролыг маань бас нэрээр тань нэрлэгдсэн хотыг хараач. Учир нь бид зөвт байдлаасаа бус, харин агуу энэрлээс тань Таны өмнө гуйлтаа өргөж байна. Аяа, Эзэн, сонсооч! Аяа, Эзэн, өршөөгөөч! Аяа, Эзэн, сонсоод үйлдээч! Бурхан минь ээ, Өөрийнхөө төлөө хийх үйлээ бүү хойшлуулаач. Учир нь хот болон ард түмэн нэрээр тань нэрлэгдсэн билээ гэв.