Даниел 7:1-28
Даниел 7:1-28 АБ2013
Вавилоны хаан Белшазарын анхдугаар онд Даниел орондоо зүүд зүүдэлж, толгойдоо үзэгдэл харав. Тэрээр зүүдээ бичиж үлдээн доорх зүйлсийг ярив. Даниел —Шөнө би үзэгдэлдээ, үзэгтүн, тэнгэрийн дөрвөн салхи их далайг оволзуулж байхыг харав. Өөр хоорондоо адилгүй дөрвөн аварга араатан далайгаас гарч ирэв. Эхнийх нь арслан шиг бөгөөд бүргэдийн жигүүртэй бөлгөө. Намайг харсаар байтал жигүүр нь таслагдаж, тэрээр газраас өргөгдөн хүн шиг хоёр хөл дээрээ зогсов. Түүнд хүний зүрх өгөгдөв. Харагтун, нөгөө хоёр дахь араатан нь баавгай шиг төрхтэй байв. Тэр хажуулдан босож байсан бөгөөд аман дотроо, шүднийхээ завсар гурван хавирга зуусан байв. Тэд түүнд “Босоод, их мах ид” гэв. Үүний дараа би харсаар байтал харагтун, ирвэс шиг өөр нэгэн нь нуруундаа шувууны дөрвөн далавчтай байв. Тэр араатан бас дөрвөн толгойтой байсан ба түүнд эрх мэдэл өгөгдөв. Үүний дараа би шөнийн үзэгдэлдээ цааш харвал дөрөв дэх араатан нь хиртхийлгэм, айдас төрүүлмээр асар хүчтэй байлаа. Тэр нь том төмөр шүдтэй байв. Тэр нь залгиж, хэсэгчиж, үлдсэнийг нь хөлөөрөө гишгэв. Энэ нь урьд байсан бусад бүх араатнаас ялгаатай, арван эвэртэй байв. Би тэдгээр эврийг ажиглаж байтал тэдний дундаас өөр нэгэн жижиг эвэр ургаж, түрүүчийн эврүүдээс гурав нь түүний өмнө үндсээрээ булгарав. Харагтун, энэ жижиг эвэр хүний нүд шиг нүдтэй, ихээр бардамнан ярих амтай байв. Намайг харсаар байтал сэнтийнүүд тавигдаж, Эртний Нэгэн суудалдаа залрав. Түүний хувцас цас шиг цагаан, Толгойн үс нь цэвэр ноос шиг байв. Сэнтий нь галын дөл шиг, Дугуйнууд нь дүрэлзсэн гал шиг байв. Өмнөөс галтай мөрөн гарч ирэн урсав. Үй түмээрээ Түүнд үйлчилж, Үй түмээрээ өмнө нь зогсоцгоож байлаа. Шүүх эхлэн номууд дэлгэгдэв. Эврийн ярьж буй бардам үгсийн дуунаас болж би харсаар байлаа. Араатан алагдаж, бие нь устгагдан дүрэлзсэн галд хаягдах хүртэл би харсаар байлаа. Үлдсэн араатнуудын эрх мэдэл нь булаагдсан боловч цаг хугацаа иртэл тэдний амийг сунгав. Би шөнийн үзэгдлийг харсаар байв. Харагтун, Хүний Хүү шиг Нэгэн Тэнгэрийн үүлсээр ирж, Эртний Нэгэн дээр очоод, Түүнд бараалхав. Түүнд эрх мэдэл, сүр жавхлан, хаанчлал өгөгдөж, Бүх ард түмэн, үндэстэн, Бүх хэлтэн Түүнд үйлчлэв. Ноёрхол нь үүрдийн ноёрхол Эс өнгөрөн одно. Хаанчлал нь эс устах хаанчлал юм. Харин Даниел би бие дотроо шаналж, миний толгой дахь үзэгдлүүд намайг түгшээсээр байлаа. Би хажууд зогсогчдын нэгэнд дөхөж очоод, түүнээс энэ бүх явдлын үнэн учрыг асуув. Тэр надад эдгээр зүйлийн учрыг тайлбарлаж хэлэв. “Энэ дөрвөн аварга араатан бол газраас босох дөрвөн хаан юм. Харин Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүс хаанчлалыг авч, ирэх бүх үеийн турш үүрд эзэмшинэ” гэв. Дараа нь бусад араатнуудаас ялгаатай, нэн аймшигтай, төмөр шүдтэй, хүрэл хумстай, залгиж, буталж, үлдсэнийг нь хөлөөрөө гишгэсэн дөрөв дэх араатны үнэн учрыг мэдэхийг би хүсэв. Мөн түүний толгойн арван эвэр болон өмнө нь зай гаргахаар гурван эвэр булгарч унасан өөр нэг эвэр буюу нүдтэй, агуу их бардам үг хэлдэг амтай, гадна төрхөөрөө бусдаасаа илүү том харагдсан эвэр зэргийн учрыг мэдэхийг хүслээ. Намайг харсаар байхад тэр эвэр ариун хүмүүстэй тулалдан дайтаж, тэднийг дийлж байсан нь Эртний Нэгэн ирж, Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийн төлөө шүүх өгөгдөж, ариун хүмүүс хаанчлалыг залгамжлах цаг ирэх хүртэл болно. Тэрээр ийн хэлжээ. “Дөрөв дэх араатан нь газар дээрх дөрөв дэх хаанчлал байх бөгөөд тэр нь бусад бүх хаанчлалаас ялгаран бүх дэлхийг залгиж, талхалж, хэсэглэх болно. Арван эвэр бол тэр хаанчлалаас босох арван хаан юм. Тэдний дараа урьд нь байгсдаас ялгаатай, өөр нэгэн хаан босоод гурван хааныг дарах болно. Тэрээр Хамгийн Дээд Нэгэний эсрэг үг хэлж, Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийг дарлан туйлдуулна. Тэрээр цаг үеүд ба хуулийг өөрчлөхийг зорих болно. Тэгээд нэг цаг үе, цаг үеүд, хагас цаг үеийн турш тэд гарт нь тушаагдана. Харин шүүлт эхлэх бөгөөд бүрмөсөн сөнөөгдөхийн тулд эрх мэдэл нь булаагдана. Тэгээд бүхий л тэнгэрийн доорх хамаг хаанчлалын дээд засаг, эрх мэдэл, агуу байдал нь Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийн ард түмэнд өгөгдөх болно. Хаанчлал нь үүрдийн хаанчлал байж, бүх эрх мэдэл Түүнд үйлчилж, захирагдан дагах болно” гэв. Үүгээр энэ үг дуусав. Даниел миний бодлууд намайг ихэд түгшээж, зүс минь хувирсан боловч энэ хэргийг би зүрхэндээ хадгалав.