Даниел 6:6-23
Даниел 6:6-23 АБ2013
Тэгээд энэ сайд нар ба аймгийн захирагчид хуйвалдан хаанд очиж, түүнд хэлэхдээ —Дариус хаантан, мөнх насалтугай! Хаанчлалын бүх сайд, харгалзагч ноён, аймгийн захирагч, улсын зөвлөгч, засаг ноёд хаанаас нэгэн тогтоол гаргуулж, захирамжийг чанд мөрдүүлэх талаар хэлэлцжээ. Аяа хаантан, энэ нь гуч хоногийн туршид танаас өөр аль нэг бурханд эсвэл хүнд гуйлтаа өргөсөн хэн боловч арслангийн нүхэнд хаягдах болно гэсэн тогтоол юм. Өө хаантан! Одоо захирамж гаргаж, Меде ба Персийн хувиршгүй хуулийн ёсоор түүнийг дахин өөрчлөхгүйн тулд энэ албан бичиг дээр гарын үсгээ зуртугай гэв. Тиймээс Дариус хаан албан бичиг ба захирамж дээр гарын үсгээ зурав. Тэрхүү албан бичиг захирамжид гарын үсэг зурсныг Даниел мэдээд, дээд давхрын өрөөндөө Иерусалимын зүг харсан онгорхой цонхтой гэртээ орж, урьд хийж байсан ёсоор өдөр бүр гурван удаа өвдөг сөгдөн Бурханыхаа өмнө залбиран талархал өргөв. Тэр хүмүүс хуйвалдан ирж, Даниелыг Бурханыхаа өмнө залбирч, гуйж байхыг олж харав. Тэгээд тэд хаанд ойртон ирж, хааны захирамжийн тухай айлтгахдаа —Өө хаантан, гуч хоногийн туршид танаас өөр аль нэг бурханд эсвэл хүнд хандан гуйсан аливаа хүнийг арслангийн нүхэнд хаях болно гэсэн захирамжид та гарын үсгээ зурсан биш үү? гэсэнд хаан хариулан —Энэ тунхаглал Меде ба Персийн хувиршгүй хууль ёсоор үнэн зүйл юм гэв. Тэгэхэд тэд хаанд хариулан, —Хаантан, Иудагаас олзлогдсон хөвгүүдийн нэг Даниел, танд болон гарын үсгээ зурсан захирамжид тань анхаарал эс хандуулан өдөрт гурван удаа залбирсаар л байна гэв. Тэгтэл хаан энэ айлтгалыг сонсонгуутаа гүн уй гунигт автаж, Даниелыг аврахаар санаа шулууджээ. Даниелыг хэлтрүүлэхээр тэрээр нар жаргатал зүтгэв. Дараа нь тэр хүмүүс хуйвалдан хаан дээр ирээд, хаанд —Өө хаантан, Меде ба Персийн хуулийн ёсоор хааны тогтоосон захирамж буюу тогтоол өөрчилж болдоггүйг мэдсүгэй! гэв. Тэгээд хаан тушааж, тэд Даниелыг авчирч, арслангийн нүхэнд хаяв. Хаан, Даниелд —Чиний үргэлж үйлчилдэг Бурхан чинь чамайг аврах болтугай гэв. Чулуу авчирч, нүхний амыг таглав. Даниелын талаар юу ч өөрчлөхгүй байхын тулд хаан өөрийн болон ихэс дээдсийнхээ тамган бөгжөөр түүнийг лацдав. Хаан ордон уруугаа явж, мацаг барин шөнийг өнгөрүүлж, ямар ч зугаацуулах зүйлийг авчруулсангүй, нойр нь ч хулжжээ. Ингээд хаан үүрээр, гэгээ орж байхад босож, арслангийн нүх уруу яаран очив. Тэрээр нүхэнд дөхөж очоод харууссан дуугаар Даниелд хандан хашхирч, Даниелыг дуудан —Амьд Бурханы зарц Даниел аа. Чиний үргэлж үйлчилдэг Бурхан чамайг арслангаас аварч чадав уу? гэв. Тэгтэл Даниел, хаанд —Аяа хаантан, мөнх насалтугай! Бурхан минь тэнгэрэлчээ илгээж, арслангуудын амыг тагласанд арслангууд надад хор учруулсангүй. Учир нь би Түүний өмнө гэмгүйд тооцогдож бас хаантан, танд ямар ч гэм хор хийгээгүй гэв. Тэгэхэд хаан маш их баярлаж, Даниелыг нүхнээс гаргахыг тушаав. Даниелыг нүхнээс гаргаж ирэхэд түүнд ямар нэг гэмтэл байсангүй нь тэрээр Бурхандаа итгэснийх бөлгөө.