Даниел 3:22-30
Даниел 3:22-30 АБ2013
Хааны тушаал шавдуу, зуух хэт халуун байсан учраас Шадрах, Мешах, Абеднего нарыг авчирсан эрсийг галын дөл шатааж алав. Харин Шадрах, Мешах, Абеднего гэх эдгээр гурван эр хүлээтэй чигээрээ дүрэлзсэн галтай зууханд унажээ. Дараа нь Небухаднезар хаан гайхаж, яаран босож ирлээ. Тэрээр дээд түшмэддээ —Бид гурван эрийг хүлж, гал уруу хаясан биш үү? гэсэнд тэд хаанд хариулан —Тийм ээ, хаантан гэв. Хаан хариулан —Хараач! Хүлээсгүй, дөрвөн хүн гал дунд явааг би харж байна. Тэд гэмтээгүй байна. Дөрөв дэх нь бурхдын төрхтэй юм гэв. Небухаднезар дүрэлзсэн галтай зуухны аманд ойртож очоод, —Хамгийн Дээд Бурханы зарц Шадрах, Мешах, Абеднего нар аа, гараад ир, нааш ир гэжээ. Тэгэхэд Шадрах, Мешах, Абеднего нар гал дундаас гарч ирэв. Бүх аймгийн удирдагч, цэргийн ноёд, түшмэд хийгээд хааны зөвлөгч нар тойрон бүчиж, гал энэ эрсийн биед ямар ч нөлөөгүй байсныг харав. Үс нь ч хуйхлагдаагүй, дээл нь ч хувираагүй, тэднээс түлэнхий үнэр ч үнэртсэнгүй. Небухаднезар —Шадрах, Мешах, Абеднего нарын Бурхан магтагдах болтугай. Тэрээр тэнгэрэлчээ илгээж, Өөрт нь итгэн, хааны тушаалыг зөрчиж, Бурханаасаа өөр ямар ч бурханд үйлчлэх ч үгүй, мөргөх ч үгүйгээр биеэ тушаан өгсөн зарц нараа аварсан билээ. Тиймээс Шадрах, Мешах, Абеднего нарын Бурханы эсрэг хайш яйш юм ярих аливаа ард түмэн, үндэстэн ба хэлийг хэсэглэн цавчиж, гэрийг нь үнсэн товрог болгох зарлигийг би буулгаж байна. Учир нь ингэж аварч чадах өөр бурхан байхгүй юм гэв. Ингээд хаан Шадрах, Мешах, Абеднего нарыг Вавилоны мужид тушаал дэвшүүлэв.



