Даниел 1:5-20

Даниел 1:5-20 АБ2013

Хаан тэдэнд амттан шимттэнээсээ болон уудаг дарснаас өдөр бүр хувь хүртээн гурван жил сургахаар тогтоосон ажээ. Хугацаа дуусахад тэд хааны хувийн үйлчлэлд орох байлаа. Тэдний дунд Иудагийн хөвгүүдээс Даниел, Хананиа, Мишаел, Азариа нар байв. Тайгануудын ахлагч тэдэнд шинэ нэр өгөв. Тэрээр Даниелыг Белтешазар, Хананиаг Шадрах, Мишаелыг Мешах, Азариаг Абеднего гэж нэрлэв. Харин хааны идээ тэргүүтэн, түүний уудаг дарснаас хувь хүртэн биеэ бохирлохгүй гэж Даниел сэтгэлдээ бат шийджээ. Тиймээс тэрээр өөрийгөө бохирлохгүй байх талаар тайгануудын ахлагчаас гуйв. Бурхан, тайгануудын ахлагчаар дамжуулан Даниелд хайр өршөөлийг үзүүллээ. Тайгануудын ахлагч, Даниелд —Идээ, ундааг чинь зааж өгсөн эзэн хаанаасаа би айж байна. Та нарын нүүр царай үе тэнгийн чинь залуусын царайнаас гундуу байхыг тэр үзвэл юу болох вэ? Тэгвэл та нар хааны өмнө толгойг минь аюулд унагана хэмээв. Гэвч Даниел, өөрийнх нь болон Хананиа, Мишаел, Азариа нарын дээр тайгануудын тэргүүний томилсон харгалзагчид хандан — Та арван өдөр туршиж, боолуудаараа бидэнд идэх ногоо, уух ус өгүүлээч. Тэгээд бидний царайг болон хааны шилмэл идээнээс идэгч залуусын царайтай өөрөө харьцуулан үзэж, харсан зүйлсийнхээ дагуу боолуудаа яахаа өөрөө шийднэ үү хэмээн өгүүлэв. Тэрээр энэ талаар сонсож, арван өдрийн турш тэднийг сорив. Арван өдрийн эцэст харахад хааны идээ тэргүүтнээс хүртсэн хамаг залуусаас царай зүс нь илүү өнгөлөг, бие махбод нь илүү тарган байв. Иймд харгалзагч тэдэнд шилмэл идээ, уух ёстой дарсыг нь өгөхөө больж, ногоо өгсөөр байлаа. Бурхан энэ дөрвөн залууд эрдэм ухааны бүх салбарт мэдлэг хийгээд оюуны чадвар, мэргэн ухааныг өгөв. Даниел бүх төрлийн үзэгдэл, зүүдийг ойлгодог байлаа. Тэднийг танилцуулахад бэлтгэхээр хааны тогтоосон өдрүүдийн эцэст тайгануудын ахлагч тэднийг Небухаднезарт бараалхууллаа. Хаан тэдэнтэй ярилцсанд тэд бүгдийн дотроос Даниел, Хананиа, Мишаел, Азариа нартай эн тэнцэх хүн нэг ч байсангүй. Тэд хааны үйлчлэлд орлоо. Хаан тэдэнтэй мэргэн ухаан, мэдлэгийн бүхий л асуудлаар зөвлөлдөж үзээд хаант улсынх нь дотор буй хамаг илбэчин, зурхайч нараас арав дахин илүү болохыг нь олж мэдлээ.