Үйлс 7:1-19
Үйлс 7:1-19 АБ2013
Тэргүүн тахилч —Энэ үнэн үү? гэв. Тэгтэл тэр ингэж хэлэв. —Эрчүүд ахан дүүс, эцгүүд ээ! намайг сонс. Бидний өвөг Абрахамыг Харран нутагт суурьшихаас ч өмнө түүнийг Месопотамид байхад нь алдрын Бурхан түүнд үзэгдэж, “Чи эх нутгаасаа, төрлүүдээсээ мөн эцгийнхээ гэрээс гарч, чамд Миний харуулах нутаг уруу явагтун” гэсэн. Тийнхүү тэр Халдей нутгаас гарч, Харранд суурьшсан. Тэгээд эцгийг нь өөд болсны дараа Бурхан түүнийг тэндээс та нарын эдүгээ суух энэ нутагт нүүлгэсэн билээ. Тэгэхдээ энд ганц алхам газрыг ч түүнд өвлүүлэн өгөөгүй авч түүнийг үр хүүхэдгүй байхад нь хүртэл энэ нутгийг түүнд болон түүний дараа үр удамд нь өмч болгон өгөхөөр Тэр амласан юм. Бурхан ийнхүү айлдахдаа “Түүний үр удам хүний нутагт ирмэл хүн болон боолчлогдох бөгөөд дөрвөн зуун жил дарлагдана. Тэднийг боолчлох үндэстнийг Би Өөрөө шүүнэ” гээд, Бурхан цааш нь “Дараа нь тэд гарч ирэх бөгөөд энэ газарт Надад мөргөх болно” гэжээ. Тэр түүнд хозлолын гэрээг өгсөн. Ийнхүү Абрахам Исаакийг төрүүлж, найм дахь хоног дээр нь хозлов. Исаак Иаковын, Иаков арван хоёр өвөг дээдсийн эцэг болов. Тэдгээр өвөг дээдэс, Иосефт атаархан түүнийг Египетэд худалдсан хэдий ч Бурхан түүнтэй хамт байж, түүнийг бүх зовлон зүдүүрээс нь аварч, Египетийн хаан Фараоны өмнө таалал, мэргэн ухааныг түүнд соёрхжээ. Хаан түүнийг Египетийн болон бүх гэрийнхээ захирагчаар тавив. Египет болон Канаан даяар өлсгөлөнд нэрвэгдэж, үлэмжийн гай зовлон ирж, эцэг өвгөдөд маань хоол хүнс олдохоо больжээ. Харин Египетэд үр тариа байгааг Иаков дуулаад, эцэг өвгөдийг маань тийш нь анх удаа явуулсан. Хоёр дахиа ирэхэд нь Иосеф ах дүү нартаа танигдсанаар Иосефын уг гарал Фараонд мэдэгдсэн. Иосеф үг илгээж, эцэг Иаковаа, бүх төрөл төрөгсөд далан таван хүнээ дуудуулжээ. Иаков болон бидний эцэг өвгөд Египетэд таалал төгссөн билээ. Тэндээс тэднийг Шехемд аваачив. Шехемд Хаморын хөвгүүдээс мөнгөн зоосоор Абрахамын худалдан авсан булшинд тэднийг тавьжээ. Харин Абрахамд Бурханы амласан тэр цаг хугацаа ойртох тусам Египет дэх ард түмэн өсөж, олширч. Энэ нь Иосефыг мэдэхгүй өөр хаан [Египетийг] захирах хүртэл үргэлжилсэн билээ. Тэр бидний удмынхны эсрэг заль гарган, нялхсыг нь үхүүлэхийн тулд тэднийг хүүхэд нялхсаа хаяхыг өвөг дээдэст маань албадаж байсан.