Үйлс 27:26-44
Үйлс 27:26-44 АБ2013
Харин бид ямар нэг аралд газардах хэрэгтэй гэлээ. Бид Адриатын тэнгисээр туугдсаар арван дөрөв дэх шөнөтэйгөө золгов. Гэтэл шөнө дунд усан цэргүүд эх газарт дөхөн явааг таамаглаад, тэнгисийн гүнийг хэмжихэд хорин алд байлаа. Цааш жаахан яваад тэд бас нэг хэмжилт хийхэд арван таван алд болсныг мэдэв. Ингээд бид хад мөргөх вий хэмээн айж, усан онгоцны хитэгнээс дөрвөн зангуу хаяад, өглөө болоосой хэмээн хүсэж байлаа. Усан цэргүүд онгоцноос зугтахыг оролдож, хошуунаас зангуу авч хаях дүр үзүүлэн завийг тэнгист буулгав. Паул зуутын дарга ба цэргүүдэд —Хэрэв энэ хүмүүс онгоцон дээр үлдэхгүй бол та нар аврагдаж чадахгүй гэхэд нь цэргүүд завины олсыг тастаж, завинуудыг унагав. Үүр цайхын өмнө Паул бүх хүнд юм идэхийг уриалж —Та нар өнөөдөр хүртэл хүлээсээр, хоолгүй, арван дөрвөн өдөр юу ч идэлгүй явж байна. Иймд та нарыг юм идээч гэж би уриалж байна. Ингэх нь аврагдахад тань хэрэгтэй. Учир нь та нарын хэний ч толгойноос ширхэг ч үс унахгүй гэлээ. Тэр ийнхүү хэлээд талх авч бүгдийн өмнө Бурханд талархал өргөн, хуваагаад идэж эхлэв. Тэд бүгдээрээ урамшин зоригжиж бас юм идэцгээлээ. Усан онгоцон дээр бид бүгд хоёр зуун далан зургуулаа байсан юм. Тэд цадтал идчихээд онгоцыг хөнгөн болгохын тулд буудайг тэнгист хаяж эхэллээ. Өглөө болох үед тэд эх газрыг таньж чадсангүй. Харин элсэрхэг эрэг бүхий нэгэн тохойг олж хараад, чадвал онгоцоо тийш нь гаргахаар шийдэв. Ингээд зангуугаа тастаж тэнгист орхиод, залуурын татлагыг сулруулж, урд талын дарвуулыг салхины дагуу болгон эргийг зүглэв. Гэтэл тэнгисийн бэлчир газарт тэд орж, онгоцоо мөргүүлэн хайргадуулахад хошуугаараа зоогдон хөдөлгөөнгүй боллоо. Онгоцны хитэг хүчтэй давалгаанд хэмх цохигдов. Цэргүүд ялтнуудыг сэлэн зугтаалгахгүйн тулд тэднийг алах төлөвлөгөөтэй байлаа. Гэвч Паулыг аврахыг хүссэн зуутын дарга тэднийг болиулж, сэлж чаддагийг нь онгоцноос үсэрч, эх газарт түрүүлж хүрэхийг, харин бусдыг нь банз юмуу, онгоцны хэлтэрхийг хэрэглэхийг тушаав. Ингэж бүгдээрээ эсэн мэнд эх газарт хүрсэн билээ.