Үйлс 27:1-25
Үйлс 27:1-25 АБ2013
Биднийг Итали уруу усан онгоцоор явуулахаар шийдэж, Паул болон өөр хэдэн хоригдлыг Августын ангийн зуутын дарга Иулид хариуцуулсан байв. Азийн эрэг хавийн нутгаар явах гэж байсан Адрамутын усан онгоцонд бид сууцгааж тэнгист гарав. Бидний хамт Тесалоникийн македони хүн Аристарх байлаа. Маргааш нь бид Сидонд зогсов. Паулд сайхан сэтгэл гаргаж Иули түүнийг нөхөд дээрээ очиж асруулахыг зөвшөөрөв. Тэндээс бид тэнгист гарч, салхи сөрж байснаас Киприйн нөмрөөр хөвөн Килик, Памфулын тэнгисээр дайрч, Лукийн Мурад газардав. Итали уруу явж байсан Александрын усан онгоцыг зуутын дарга тэндээс олж биднийг суулгалаа. Салхи биднийг урагш явуулахгүй байсан тул бид олон хоног удаан хөвсөөр Книдэд арай гэж хүрэв. Тэгээд бид Салмоны өмнөх Крэтийн нөмрөөр хөвлөө. Арайхийн хөвсөөр бид Ласай хотын ойролцоох Үзэсгэлэнт боомт хэмээх газар ирцгээв. Ийнхүү нэлээд хугацаа өнгөрсөн бөгөөд мацаг барих үе ч өнгөрсөн байлаа. Аялал улам ч аюултай болж байсан тул Паул тэдэнд сэрэмжлүүлж — Эрчүүд ээ! Энэ аялал ер нь ачаа болоод онгоцонд төдийгүй бидний аминд ч сүйрэл, их хохиролтой гэж би үзэж байна гэв. Гэвч зуутын дарга Паулын хэлснээс илүүтэй онгоцны ахмад ба залуурчинд итгэмжилж байлаа. Тэр зогсоол нь өвөлжихөд тохиромжгүй байсан тул олонх нь тэндээс гарч, чадвал Фойник хэмээх зүүн өмнө ба зүүн хойш харсан Крэтийн зогсоолд хүрч, өвөлжих санаа гаргажээ. Өмнө зүгийн зөөлөн салхи үлээж эхэлсэнд тэд хүссэнээр болох нь гэж санаад зангуугаа татаж, Крэтийн дагуу хөвөв. Харин тун удалгүй эх газраас Еуракулон гэдэг хүчтэй салхи хуйлран салхилахад усан онгоц сөрж чадалгүй, салхинд туугдахад хүрэв. Бид Клауда хэмээх нэгэн багахан арлын нөмрөөр өнгөрч явахдаа онгоцны завийг арай чүү тогтоон барьж байлаа. Тэд завийг дээш гаргаад татлагаар усан онгоцыг бүслэн татаж, Суртад хайргадчих вий гэж эмээн, зангуугаа буулгаад салхины аясаар хөвөв. Шуурганд хүчтэй шидэгдэж байснаас болж дараа өдөр нь тэд ачаагаа хаяцгааж эхлэв. Гурав дахь өдөр нь тэд өөрсдийнхөө гараар усан онгоцныхоо тоног төхөөрөмжийг ч хаяцгаав. Олон өдрийн турш нар, одод ч үзэгдсэнгүй. Шуурга ч аажмаар ширүүсэж байсан тул эцэстээ бидний аврагдах горьдлого тасарлаа. Хүмүүс удаан хугацаагаар хоол ундгүй байв. Тэгтэл Паул тэдний дунд босож зогсоод —Эрчүүд ээ! Та нар үгийг минь дагаж, Крэтээс хөдлөөгүй байсан бол энэ сүйрэл хохирлыг амсахгүй байх байсан. Одоо харин эр зоригтой байхыг би та нараас хүсье. Учир нь та нараас хэн ч амиа алдахгүй, харин усан онгоц л сүйрнэ. Урьд шөнө миний харьяалагддаг, миний үйлчилдэг Бурханы нэгэн тэнгэрэлч өмнө минь зогсож, “Паул аа, бүү ай! Чи Цезарийн өмнө зогсох ёстой. Үзэгтүн, чамтай хамт явагсдыг Бурхан чамд соёрхсон” гэв. Иймээс эр зоригтой байцгаа, эрчүүд ээ! Яг миний хэлсний дагуу болох болно гэж би Бурханд итгэж байна.