Үйлс 25:1-12

Үйлс 25:1-12 АБ2013

Фест тийнхүү муждаа ирээд, гурав хоногийн дараа Кайсариас Иерусалим уруу хөдлөв. Ахлах тахилч нар болон Иудейн тэргүүлэгчид Паулын эсрэг гомдолоо түүнд тавьж, түүнийг ятган, Фестийг хайр хишгээ үзүүлж, Паулыг Иерусалимд ирүүлэхийг хүсжээ. (Тэд Паулыг замд нь хөнөөхөөр отоонд сууж байлаа.) Тэгтэл Фест тэдэнд Паул Кайсарид хорионд байгааг болон мөн өөрөө удахгүй тийш явахаа хэлэв. Тэгээд тэр цааш нь —Иймээс та нарын дундаас нөлөө бүхий нь надтай хамт тийшээ яваг. Хэрэв тэр хүн буруутай аваас тэд түүнийг шүүтүгэй гэв. Ийнхүү Фест тэдний дунд найм, арваас илүүгүй хоноод Кайсари уруу явав. Маргааш нь тэр шүүх суудалдаа суугаад Паулыг авчрахыг тушаалаа. Паулыг ирсний дараа Иерусалимаас ирсэн иудейчүүд түүнийг хүрээлж, өөрсдөө ч нотолж үл чадах олон ноцтой ял зэмлэлийг түүнд тулгацгаав. Паул өөрийгөө өмгөөлөн —Иудейн хуулийн ч эсрэг, сүмийн ч эсрэг, Цезарийн ч эсрэг би ямар ч гэмт хэрэг үйлдээгүй гэв. Фест иудейчүүдэд тал засахыг хүсэж, Паулд —Та Иерусалимд очиж, өмнө минь эдгээрийг шүүлгэхийг хүсэж байна уу? гэсэнд Паул —Намайг шүүх ёстой Цезарийн шүүх суудлын өмнө би зогсож байна. Иудейчүүдэд би ямар ч буруу үйлдээгүйг та ч сайн мэдэж байгаа. Иймээс хэрэв би буруутан байгаад, үхвэл зохих зүйл үйлдсэн аваас үхэхээс татгалзахгүй. Харин намайг эдний буруутгаж байгаа зүйл нь үнэн биш бол хэн ч намайг тэдэнд тушааж чадахгүй. Би Цезарьт давж заалдана гэв. Тэгтэл Фест зөвлөлтэйгөө зөвшилцөөд хариу болгож —Та Цезарьт давж заалдахыг хүссэн. Та Цезарь уруу явах боллоо гэлээ.

Үйлс 25:1-12-д зориулсан видео