Үйлс 23:11-35
Үйлс 23:11-35 АБ2013
Гэтэл дараах шөнө нь Эзэн Паулын дэргэд зогсон —Зоригтой байгтун. Учир нь чи Намайг Иерусалимд яаж гэрчилсний адил Ромд ч мөн гэрчлэх ёстой юм гэжээ. Маргааш нь иудейчүүд хуйвалдан, Паулыг хөнөөтөл юу ч идэж уухгүй гэж андгайлав. Энэ хуйвалдаанд дөчөөс илүү хүн оролцжээ. Тэд ахлах тахилч нар болон ахлагчид дээр очиж —Бид Паулыг хөнөөхөөс нааш юу ч амсахгүй байхаар андгайлцгаав. Тиймээс та бүгд Зөвлөлтэй хамтарч хэргийг нь нарийн авч үзэх гэж байгаа мэтээр мянгатын даргад хэл хүргэж, өөрсөд дээрээ Паулыг авчруул. Харин бид ойртож ирэхээс нь өмнө түүнийг алахад бэлэн байна гэцгээв. Хуйвалдааныг мэдсэн Паулын эгчийн хүү хуаранд ирж, Паулд мэдэгджээ. Паул зуутын дарга нараас нэгийг нь дуудаж —Энэ залуу мянгатын даргад хэлэх юмтай тул хүргэж өгнө үү? гэв. Тэр түүнийг мянгатын дарга дээр дагуулж ирээд —Хоригдол Паул намайг дуудаж, энэ залууд танд хэлэх зүйл байгаа тул танд хүргэж өгөхийг гуйсан юм гэжээ. Мянгатын дарга түүнийг гараас нь хөтлөн зайдуу аваачаад —Чи надад юу хэлэх гэв? гэж хувьчлан асуув. Тэр —Иудейчүүд Паулын хэргийг илүү нарийвчлан хэлэлцэх гэж байгаа мэтээр түүнийг маргааш Зөвлөлд аваачих хүсэлтийг танд хэлэх гэж зөвшилджээ. Паулыг алахаас нааш юу ч идэж, уухгүй гэж андгайлсан дөчөөс илүү хүн түүнийг отож байгаа тул тэднийг битгий сонсооч. Тэд одоо бэлэн бөгөөд таны зөвшөөрлийг л хүлээж байна гэв. Мянгатын дарга мөнөөх залууг явуулахдаа —Энэ тухай надад мэдэгдсэнээ хэнд ч бүү хэл гэж захижээ. Тэгээд зуутын хоёр даргыг дуудаж —Кайсари уруу илгээх хоёр зуун цэрэг, далан морьтон бас хоёр зуун жадчинг шөнийн гуравдугаар цаг гэхэд бэлэн болго гэв. Мөн тэд захирагч Феликт Паулыг эсэн мэнд хүргэх уналгын морьдыг гаргажээ. Тэгээд тэрээр ийм агуулга бүхий захидал бичив. “Эрхэм хүндэт захирагч Фелик таны амрыг эрж Клауд Луси мэндчилье. Энэ хүнийг иудейчүүд барьж аваад алах гэж байхад би Ромын иргэн болохыг нь мэдсэн тул цэргээ дагуулан очиж түүнийг аварсан юм. Чухам яагаад түүнийг буруутгаж буйг тодорхой мэдэхийн тул энэ хүнийг би тэдний Зөвлөлд аваачсан. Тэгээд буруутгал нь тэдний хуулийн маргаантай асуудалд холбогдсоныг олж мэдэв. Харин, үхэх эсвэл шоронд орох ямар ч ял түүнд байхгүй юм байна. Энэ хүнийг хорлох хуйвалдаан бэлтгэгдэж байгааг мэдээд түүнийг даруй танд явуулав. Мөн буруутгагчид нь түүний эсрэг мэдүүлгээ таны өмнө яриг гэж тушаав” [Баяртай] гэжээ. Ийнхүү тушаал ёсоор цэргүүд Паулыг шөнөөр авч явж Антипатрт авчирлаа. Маргааш нь тэд морин цэргүүдийг түүнтэй хамт явуулахаар үлдээгээд, хуарандаа буцацгаажээ. Тэд Кайсарид ирж, захирагчид захидлыг гардуулан, Паулыг түүний өмнө авчрав. Захирагч захидлыг уншиж, аль нутгийнх болохыг Паулаас лавлаад, Киликийнх гэдгийг нь мэдэнгүүтээ — Буруутгагчдыг чинь ирэхлээр чамайг сонсъё гээд түүнийг Херодын ордонд хянаж байхыг тушаажээ.