Үйлс 21:27-36

Үйлс 21:27-36 АБ2013

Тэгээд бараг долоо хоног өнгөрч байтал Азиас ирсэн иудейчүүд түүнийг сүмд байхыг хараад цугласан бүгдийг үймүүлж, түүнийг барьж аваад — Израилийн эрчүүд ээ, бидэнд туслаарай! Газар сайгүй манай ард түмэн, манай хууль бас энэ газрын эсрэг сургадаг хүн чинь энэ байна. Түүнээс гадна тэр грекүүдийг сүмд оруулж, энэ ариун газрыг бузарласан гэж хашхирав. Учир нь тэд урьд нь Ефесийн харьяат Трофимыг түүнтэй хамт хотод байхыг нь хараад Паул түүнийг сүмд авчирсан гэж бодоцгоожээ. Хот бүхэлдээ хөдөлж, ард түмэн цуглан Паулыг барьж аваад сүмээс чирч гаргахад тэр даруй хаалганууд хаагдсан байлаа. Тэд түүнийг алахыг завдан байх үед Иерусалим хот тэр чигээрээ үймээн самуунд автсан гэсэн мэдээ Ромын ангийн мянгатын даргад хүрэв. Тэрээр тэр даруй цэргүүд, зуутын дарга нарыг авч тэдэн дээр гүйн хүрлээ. Хүмүүс мянгатын даргыг болон цэргүүдийг хармагцаа Паулыг жанчихаа болив. Мянгатын дарга ирээд Паулыг барьж авч, давхар гинжээр хүлэхийг тушааж, түүний хэн болох мөн юу үйлдсэнийг нь байцаажээ. Гэвч хурсан олны дундаас зарим нь нэг зүйлийг, зарим нь ондоог хашхиралдахад чухамдаа юу болсныг үймээнээс олж мэдэж чадаагүй учир тэрээр түүнийг хуаранд аваачихыг тушаалаа. Паулыг шатан дээр гарч ирэхэд олны шахцалдааны улмаас цэргүүд түүнийг өргөж явахад хүрэв. Учир нь ард олон араас нь дагасаар —Түүнийг тонилго гэж хашхирч байлаа.

Үйлс 21:27-36-д зориулсан видео