Үйлс 18:1-23

Үйлс 18:1-23 АБ2013

Дараа нь тэр Афиныг орхин Коринтод очив. Тэр тэнд Понтоос гаралтай Акул гэгч нэгэн иудей хүнтэй тааралджээ. Бүх иудейчүүдийг Ромоос гарга гэсэн Клаудын зарлигаас болж тэр хүн эхнэр Прискилагийнхаа хамт саяхан Италиас ирсэн ажээ. Тэгээд Паул тэднийд очив. Мөнөөх эр адилхан ажилтай байсан тул Паул тэднийд үлдэж, хамт ажиллах болжээ. Тэд майхан хийдэг байв. Амралтын өдөр бүр тэрээр синагогт иудейчүүд, грекүүдийг ятган үнэмшүүлэхээр ярилцдаг байлаа. Харин Силас, Тимот нарыг Македониос ирэхэд Паул үгэнд бүрэн автаж, Есүс бол Христ мөн гэдгийг иудейчүүдэд гэрчилж байлаа. Түүнийг эсэргүүцэж, доромжлоход Паул хувцсаа сэгсрэн, тэдэнд —Та нарын цус толгой дээр чинь бууг. Би цэвэр. Үүнээс хойш би харийнхан дээр очно гэв. Тэр тэндээс явж, синагогийн залгаа гэр нь байдаг, Бурханаас эмээгч Иустын Тит нэртэй нэгний гэрт очив. Синагогийн тэргүүн Крисп бүх гэрийнхнийхээ хамт Эзэнд итгэж бас Коринтынхон үгийг сонсоод олноороо итгэж, баптисм хүртэцгээж байлаа. Эзэн шөнө нь Паулд үзэгдлээр дамжуулан —Бүү ай. Харин ярь. Бүү дуугүй бай. Учир нь Би чамтай хамт байна. Хэн ч чамайг хорлох гэж гар хүрэхгүй. Учир нь Миний хүмүүс энэ хотод олон бий гэв. Тэр тэдний дунд Бурханы үгийг зааж, жил зургаан сар амьдрав. Гэвч Галлионыг Ахай нутгийн захирагч байхад нь иудейчүүд санаа нийлэн Паулын эсрэг босож түүнийг шүүхэд суудалд авчраад — Энэ хүн, Бурханд мөргө гэж хүмүүсийг хуулийн эсрэг ятгаж байна гэв. Паулыг ам нээх гэтэл Галлион иудейчүүдэд —Хэрэв энэ нь гэмт хэрэг эсвэл хорт явдал байсан бол, иудейчүүд ээ, гомдлыг чинь хүлээж авах үндэслэл надад бүрэн байхсан. Гэтэл үгс, нэрс болон танай хуулийн тухай асуудал байгаа аваас өөрсдөө үүнийгээ мэдтүгэй. Эдгээр хэргийг шүүх хүсэл надад алга гэв. Тийнхүү тэр тэднийг шүүх суудлаас хөөжээ. Тэгэхэд тэд бүгд синагогийн ахлагч Состеныг барьж аваад шүүхийн өмнө зодсон боловч Галлион үүнийг огт тоосонгүй. Паул олон өдөр тэнд байгаад, ах дүү нартай салах ёс гүйцэтгэн, усан онгоцонд сууж Сирийг зорив. Прискила, Акул хоёр түүнтэй хамт байв. Кенхрейд байхдаа Паул ам өчгөөсөө болж үсээ авахуулжээ. Тэд Ефест ирэв. Паул нөхдөө тэнд үлдээгээд өөрөө синагогт очиж иудейчүүдтэй харилцан ярилцав. Тэд түүнийг удаан хугацаагаар байхыг гуйсан боловч тэр зөвшөөрсөнгүй. Харин тэдэнтэй салах ёс гүйцэтгэхдээ —Хэрэв Бурхан хүсвэл би дахин та нар дээр эргэж ирнэ гэлээ. Тийнхүү Ефесээс усан онгоцоор явжээ. Тэр Кайсарид буугаад явж, чуулганыхны амар мэндийг асуучихаад Антиох явав. Тэнд хэсэг хугацаагаар байж байгаад замд гарч, Галатын нутаг болон Фругийг дараалан туулж гарахдаа бүх дагалдагчдыг хүчирхэгжүүлж байлаа.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна