Үйлс 10:9-36
Үйлс 10:9-36 АБ2013
Маргааш нь зургадугаар цагийн орчимд тэднийг хотод дөхөж очих үед Петр залбирахаар байшингийн дээвэр дээр гарав. Тэр өлсөж, юм идэхийг хүсэж байлаа. Тэднийг хоол бэлдэж байх зуур тэр хэт хөөрөлд автжээ. Тэнгэр нээгдэж, том бүтээлэг мэт нэгэн сав доошилсоор дөрвөн өнцгөөрөө газардахыг Петр харав. Дотор нь бүх дөрвөн хөлт амьтад, хэвлээр явагчид болон тэнгэрийн шувууд байх ажээ. Тэгтэл нэгэн дуу гарч, түүнд —Петр ээ! Бос, нядлаад ид гэв. Харин Петр —Эзэн, яасан ч үгүй. Учир нь би хэзээ ч бузар хийгээд цэвэр бус юм идэж байгаагүй гэлээ. Гэтэл мөнөөх дуу хоёр дахиа гарч, түүнд —Бурханы цэвэр болгосон юуг ч бузар гэж бүү нэрлэ гэв. Энэ нь гурав дахин давтагдав. Тэгээд сав тэр даруйдаа тэнгэр өөд өргөгдөн авагджээ. Үзсэн үзэгдэл нь ямар утгатай болохыг Петр ойлгож ядан байх зуур Корнелын илгээсэн эрчүүд Симоны гэрийг сурагласаар дааман хаалганы өмнө зогсож байв. Тэгээд Петр хэмээх Симон тэнд байрлаж буй эсэхийг дуудан асуув. Петр үзэгдлийн тухай бодож байтал Сүнс түүнд —Үзэгтүн, гурван эр чамайг хайж байна. Бос, доош буугаад эргэлзэлгүй тэдэн дээр оч. Учир нь Би тэднийг илгээв гэжээ. Петр тэр хүмүүс дээр очиж —Үзэгтүн, та нарын хайж буй хүн чинь би байна. Та бүгд ямар хэргээр ирэв? гэхэд тэд —Корнел гэгч зуутын дарга байдаг юм. Тэрээр Бурханаас эмээгч, зөвт нэгэн бөгөөд Иудейн ард түмэн түүний талаар сайн ярьдаг. Таныг гэртээ урьж, үгийг тань сонсох зааврыг тэр ариун тэнгэрэлчээс авсан юм гэцгээв. Петр тэднийг орохыг урьж, зочлов. Маргааш нь тэр босож мөнөөх хүмүүсийн хамт явахад тэдэнтэй Иоппагийн ах дүүсийн зарим нь явжээ. Дараа өдөр нь тэр Кайсарид хүрч ирэв. Корнел төрөл садан болон дотнын андуудаа дуудаж цуглуулаад тэднийг хүлээж байлаа. Петрийг орж ирэхэд Корнел түүнийг угтан, хөлд нь унаж, түүнд мөргөв. Харин Петр түүнийг босгоод —Бос, би ч гэсэн хүн шүү дээ гэв. Ийнхүү ярилцсаар гэрт ороход олон хүн цугласан байлаа. Тэр тэдэнд —Иудей хүний хувьд өөр үндэстэнтэй нөхөрлөх буюу тэдний гэрт зочлох нь ямар ёс бус хэрэг болохыг та нар өөрсдөө мэднэ. Гэвч ямар ч хүнийг бузар хийгээд цэвэр бус гэж нэрлэх ёсгүйг Бурхан надад харууллаа. Тиймээс дуудахад чинь би түдгэлзэлгүйгээр явж ирэв. Та нар намайг дуудсан учрыг асууя гэв. Корнел —Дөрвөн өдрийн өмнө яг өдийд, есдүгээр цагийн орчимд би гэртээ залбирч байтал, үзэгтүн, гэрэлтсэн хувцастай хүн өмнө минь зогсож, “Корнел ээ, чиний залбирал сонсдож, өглөг чинь Бурханы өмнө дурсагдав. Тэгээд Петр гэгч Симоныг хүрэлцэн ирээч гэж урихаар Иоппа уруу хүн илгээ. Тэр тэнгисийн хөвөөн дэх Симоны гэрт байгаа” гэсэн юм. Иймээс би танд тэр даруй хүн явуулав. Таны ирсэн тань сайн хэрэг боллоо. Эзэний танд тушаасан бүхнийг сонсохоор эдүгээ бид Бурханы өмнө энд байцгааж байна гэжээ. Петр ам нээж, —Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг гэдгийг би үнэнээр ойлгов. Тэр Израилийн хөвгүүдэд үг илгээн Есүс Христээр дамжуулж амар тайвныг тунхаглажээ. (Тэр бол бүхний Эзэн)