Үйлс 10:37-48
Үйлс 10:37-48 АБ2013
Иоханы тунхагласан баптисмын дараагаар Галилаас эхэлж Иудей даяар юу болсныг та нар мэднэ. Энэ нь Бурхан хэрхэн Назарын Есүсийг Ариун Сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд Тэрээр диаволд дарлагдсан бүгдийг эдгээн, сайныг үйлдэж явсан тухай юм. Учир нь Бурхан Түүнтэй хамт байсан. Иудейчүүдийн нутаг болон Иерусалимд Түүний хийсэн бүхнийг гэрчлэгчид нь бид билээ. Тэд Түүнийг модонд өлгөж алсан юм. Бурхан Түүнийг гурав дахь өдөр нь амилуулж, бүх ард түмэнд бус харин Бурханаар урьд нь сонгогдсон гэрч нар, үхэгсдээс амилсных нь дараа Түүнтэй идэж ууж байсан бидэнд харуулан соёрхов. Тэр бол амьдын хийгээд үхсэний Шүүгч болж Бурханаар томилогдсон гэдгийг гэрчлэн ард олонд дэлгэрүүлэхийг Тэр бидэнд тушаасан юм. Түүнд итгэсэн хэн боловч Түүний нэрээр нүглийн уучлалыг хүлээн авдаг гэж бүх эш үзүүлэгчид Түүнийг гэрчилдэг гэв. Петр эдгээр үгсийг хэлж байх зуур үүнийг нь сонсож байсан бүхэн дээр Ариун Сүнс буув. Харийнхан дээр бас Ариун Сүнсний бэлэг асгарахыг хозлуулсан итгэгчид болох, Петртэй хамт ирсэн бүх хүн хараад гайхацгаажээ. Учир нь тэд хэл ярихуйгаар ярьж, Бурханыг дээдлэн байгаа нь сонсдов. Тэгтэл Петр — Ариун Сүнсийг бидний адил хүлээн авсан энэ хүмүүст баптисм хүртээх уснаас хэн ч татгалзаж чадахгүй биз ээ? гэлээ. Тэр тэдэнд Есүс Христийн нэрээр баптисм хүртэхийг тушаав. Дараа нь тэд түүнээс хэд хоног үлдэхийг гуйлаа.