Үйлс 10:1-23

Үйлс 10:1-23 АБ2013

Кайсарид Корнел гэгч нэгэн байв. Тэр «Италийнхан» хэмээх ангийн зуутын дарга ажээ. Тэр сүсэг бишрэлтэй агаад гэр бүлээрээ Бурханаас эмээдэг, олон түмэнд их өглөг өгдөг, Бурханд байнга залбирдаг байжээ. Өдрийн есдүгээр цагийн орчим Бурханы тэнгэрэлч түүн дээр ирж “Корнел!” гэхийг тэрээр үзэгдэл дотор тод үзэв. Айдаст автсан тэр түүн уруу харж —Юу вэ? Эзэн гэхэд тэнгэрэлч түүнд —Залбирал болон өглөгүүд чинь Бурханы өмнө өргөгдөн дурсгагдав. Одоо чи Иоппа уруу эрчүүд явуулж, Петр гэгдэх Симоныг авчруул. Тэнгис хавьд гэр нь байдаг арьсчин Симоныд тэр байгаа гэв. Өөртэй нь ярьсан тэнгэрэлчийг явангуут гэрийн зарц нараасаа хоёрыг мөн өөртэйгөө үргэлж хамт байдаг цэргүүдээс сүсэг бишрэлтэй нэгийг нь дуудав. Тэгээд тэдэнд бүгдийг тайлбарлаж, Иоппа уруу явуулжээ. Маргааш нь зургадугаар цагийн орчимд тэднийг хотод дөхөж очих үед Петр залбирахаар байшингийн дээвэр дээр гарав. Тэр өлсөж, юм идэхийг хүсэж байлаа. Тэднийг хоол бэлдэж байх зуур тэр хэт хөөрөлд автжээ. Тэнгэр нээгдэж, том бүтээлэг мэт нэгэн сав доошилсоор дөрвөн өнцгөөрөө газардахыг Петр харав. Дотор нь бүх дөрвөн хөлт амьтад, хэвлээр явагчид болон тэнгэрийн шувууд байх ажээ. Тэгтэл нэгэн дуу гарч, түүнд —Петр ээ! Бос, нядлаад ид гэв. Харин Петр —Эзэн, яасан ч үгүй. Учир нь би хэзээ ч бузар хийгээд цэвэр бус юм идэж байгаагүй гэлээ. Гэтэл мөнөөх дуу хоёр дахиа гарч, түүнд —Бурханы цэвэр болгосон юуг ч бузар гэж бүү нэрлэ гэв. Энэ нь гурав дахин давтагдав. Тэгээд сав тэр даруйдаа тэнгэр өөд өргөгдөн авагджээ. Үзсэн үзэгдэл нь ямар утгатай болохыг Петр ойлгож ядан байх зуур Корнелын илгээсэн эрчүүд Симоны гэрийг сурагласаар дааман хаалганы өмнө зогсож байв. Тэгээд Петр хэмээх Симон тэнд байрлаж буй эсэхийг дуудан асуув. Петр үзэгдлийн тухай бодож байтал Сүнс түүнд —Үзэгтүн, гурван эр чамайг хайж байна. Бос, доош буугаад эргэлзэлгүй тэдэн дээр оч. Учир нь Би тэднийг илгээв гэжээ. Петр тэр хүмүүс дээр очиж —Үзэгтүн, та нарын хайж буй хүн чинь би байна. Та бүгд ямар хэргээр ирэв? гэхэд тэд —Корнел гэгч зуутын дарга байдаг юм. Тэрээр Бурханаас эмээгч, зөвт нэгэн бөгөөд Иудейн ард түмэн түүний талаар сайн ярьдаг. Таныг гэртээ урьж, үгийг тань сонсох зааврыг тэр ариун тэнгэрэлчээс авсан юм гэцгээв. Петр тэднийг орохыг урьж, зочлов. Маргааш нь тэр босож мөнөөх хүмүүсийн хамт явахад тэдэнтэй Иоппагийн ах дүүсийн зарим нь явжээ.

Үйлс 10:1-23-д зориулсан видео