Үйлс 1:3-9
Үйлс 1:3-9 АБ2013
Зовлон эдэлснийхээ дараа Тэр амьд гэдгээ дөч хоногийн турш элч нартаа маргашгүй олон нотолгоогоор харуулж, Бурханы хаанчлалын тухай айлдаж байв. Тэгээд элч нарыг цуглуулан, Иерусалимыг үл орхиж, Эцэгийн амласныг хүлээхийг тушаан “Надаас та нар үүнийг сонссон билээ. Иохан усаар баптисм хүртээдэг байсан бол харин та нар ойрын өдрүүдэд Ариун Сүнсээр баптисм хүртэх болно” гэжээ. Тэгээд, цуглагсад Түүнээс —Эзэн, энэ цагт Та Израильд хаанчлалыг сэргээх үү? гэж асуусанд Тэр тэдэнд —Эцэг Өөрийн эрх мэдлээр тогтоосон тэр цаг, үеийг мэдэх нь та нарын хэрэг биш. Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно гэв. Тэр ийнхүү айлдаад тэднийг харсаар байтал дээш өргөгдөж, үүл Түүнийг тэдний хараанаас авч одов.