2Самуел 5:11-25

2Самуел 5:11-25 АБ2013

Тирийн хаан Хирамаас Давидад элч нарыг хуш мод, мужаан, чулуучдын хамт илгээж тэд Давидад гэр барьж өгөв. ЭЗЭН өөрийг нь Израилийн хаанаар өргөмжлөн Түүний ард түмэн Израилийн тусын тулд хаанчлалыг нь өндөрт өргөснийг Давид ухааран ойлгожээ. Хеброноос ирсний дараа Давид Иерусалимаас дахин олон эхнэр ба татвар эм авав. Давидад өөр олон хөвгүүд, охид төрөв. Иерусалимд төрсөн түүний хүүхдүүдийн нэрс нь Шаммуа, Шобаб, Натан, Соломон, Ибхар, Елишуа, Нефег, Иафиа, Елишама, Елиада, Елифелет нар юм. Давид хамаг Израилийн хаанаар тослогдсон гэдгийг филистчүүд сонсоод филистчүүд бүгдээрээ Давидыг хайж ирэв. Харин Давид энэ тухай сонсоод бэхлэлт уруу хөдөлжээ. Филистчүүд хүрч ирээд, Рефаимын хөндийгөөр тархан байрлав. Тэгэхэд Давид, ЭЗЭНээс —Филистчүүдийн эсрэг би хөдлөх үү? Та миний гарт тэднийг тушаах уу? гэж лавлан асуухад ЭЗЭН, Давидад —Явагтун! Учир нь филистчүүдийг чиний гарт Би заавал тушаана гэж айлдав. Ингээд Давид Баал-перазимд ирж, тэнд тэднийг хиаруулав. Тэр —ЭЗЭН миний өмнө дайснуудыг минь үерийн ус мэт зад татлаа гэв. Тиймээс тэр газар Баал-перазим гэж нэрлэгджээ. Филистчүүд тэнд шүтээнүүдээ орхин зугтаасанд Давид болон түүний хүмүүс тэдгээрийг нь авч явлаа. Филистчүүд дахин ирээд, Рефаимын хөндийд тархан байрлав. Давид ЭЗЭНээс лавлахад Тэрээр түүнд —Чи шууд явж очиж болохгүй. Тэдний араар тойрч ялам модны төглийн өмнө тэднийг дайр. Ялам модны төглийн дээгүүр алхах чимээг сонсмогц чи яарагтун. Учир нь филистчүүдийн цэргийг цохихоор чиний өмнө ЭЗЭН гарсан байна гэлээ. Давид өөрт нь ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдэж, Гебагаас Гезерийг хүртэл филистчүүдийг бут цохив.