2Самуел 2:1-32

2Самуел 2:1-32 АБ2013

Үүний дараа Давид, ЭЗЭНээс лавлан —Би Иудагийн хотуудын аль нэг өөд өгсөж явах уу? гэж асуухад ЭЗЭН түүнд —Явагтун гэж айлдав. Тэгээд Давид —Би хаашаа явах вэ? гэж асуухад ЭЗЭН —Хеброн гэж айлдав. Тэгээд Давид болон түүний иезреел эмэгтэй Ахиноам ба Набалын бэлэвсэн эхнэр, кармел эмэгтэй Абигаил бас өөр хоёр эхнэр нь тийш явав. Давид өөртэйгөө байсан хүмүүсийг гэрийнхэнтэй нь хамт дагуулж явсан бөгөөд тэд Хеброны хотуудад суурьшив. Тэгээд Иудагийн эрчүүд ирж, тэнд Давидыг Иудагийн гэрийн хаан болгон тосолжээ. Тэд Давидад —Саулыг нутаглуулсан хүмүүс Иабеш-гилеадын эрчүүд байсан гэж мэдэгдэв. Давид Иабеш-гилеадын хүмүүст элч нарыг илгээж, тэдэнд ийн хэлүүлэв. —Та нар өөрсдийн эзэн Саулд энэрэл хайраа илэрхийлж, түүнийг нутаглуулсан тул ЭЗЭНээр ерөөгдөх болтугай! Одоо ЭЗЭН та нарт энэрэл хайр ба үнэнээ үзүүлэх болтугай. Та нар ийм үйл хийсэн тул би ч гэсэн та нарт энэрэл хайраа харуулах болно. Тиймээс одоо гараа хүчирхэгжүүлж, эр зоригтой байгтун. Учир нь та нарын эзэн Саул өөд болсон. Мөн Иудагийн гэр намайг өөрийн хаан болгон тосолсон билээ гэв. Харин Саулын цэргийн жанжин, Нерийн хүү Абнер нь Саулын хүү Иш-бошетыг авч, Маханаим уруу аваачив. Тэр түүнийг Гилеад, ашурчууд, Иезреел, Ефраим, Бениамин буюу хамаг Израилийн хаан болголоо. Саулын хүү Иш-бошет Израилийн хаан болох үедээ дөчин настай байсан бөгөөд хоёр жил хаанчлав. Харин Иудагийн гэр Давидын ард байв. Хебронд Давид, Иудагийн гэрийн хаан байсан хоногийн тоо долоон жил зургаан сар болой. Нерийн хүү Абнер, Саулын хүү Иш-бошетын зарц нарын хамт Маханаимаас гарч, Гибеоныг чиглэв. Зеруиагийн хөвгүүн Иоаб Давидын зарц нарын хамт гарч явав. Тэд Гибеоны цөөрмийн дэргэд тулгарчээ. Нэг хэсэг нь цөөрмийн наад талд, нөгөө нь цөөрмийн цаад талд буув. Абнер, Иоабт —Залуу эрсийг босгон өөрсдийнхөө өмнө халз тулалдуулъя гэсэнд Иоаб —Тэд босог гэв. Тэгээд хүмүүс гарч тоолуулахад Бениамин ба Саулын хөвгүүн Иш-бошетын талаас арван хоёр хүн, Давидын зарц нараас арван хоёр хүн байлаа. Хүн бүр өрсөлдөгчийнхөө толгойноос зууран бие биенийхээ хажуу уруу илд дүрэн хамт унацгаав. Тиймээс Гибеонд байдаг тэр газрыг Хелкат-хаззурим гэж нэрлэв. Тэр өдөр ширүүн тулалдаан болж, Абнер ба Израилийн эрчүүд Давидын зарц нарт цохигдов. Зеруиагийн гурван хөвгүүн Иоаб, Абишаи, Асахел нар тэнд байлаа. Асахелийн хөл талын зээр мэт хурдан ажээ. Асахел Абнерын араас хөөж, мөрдөхдөө баруун тийш ч зүүн тийш ч эргэхгүй байв. Абнер эргэн хараад —Энэ чинь Асахел чи мөн үү? гэхэд тэр —Тийм ээ, би байна гэж хариулав. Ийнхүү Абнер түүнд —Баруун эсвэл зүүн тийш эргэн залуу эрсийн нэгийг барьж, түүнээс зэр зэвсгийг нь авагтун гэв. Гэвч Абнерыг хөөхөө больж буцахыг Асахел хүссэнгүй. Абнер дахин Асахелд —Намайг хөөхөө больж, эргэгтүн. Би чамайг яагаад алах ёстой билээ? Тэгвэл ямар нүүрээрээ би Иоаб ахыг чинь харах юм бэ? гэв. Гэвч Асахел буцахаас татгалзлаа. Тиймээс Абнер жадны үзүүрээр түүний хэвлий уруу нэвт дүрсэнд жад нуруугаар нь гарав. Асахел тэнд унаж, газар дээрээ үхлээ. Асахелын унаж, үхсэн газарт ирсэн хүмүүс бүгд хөдлөхгүй зогсов. Харин Иоаб, Абишаи хоёр Абнерын араас хөөв. Тэд Гибеоны цөлийн замд байдаг Гиахын харалдаа орших Аммагийн толгойд ирцгээхэд нар жаргаж байлаа. Бениамины хөвгүүд Абнерын араас цугларан нэг бүлэг болж, нэгэн давааны оройд зогсов. Дараа нь Абнер, Иоабыг дуудан —Илд үргэлж цөлмөсөөр байх уу? Эцэстээ улам гашуун бэрх болно гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Ах дүү нараа мөшгөхөө больж буцахыг хүмүүстээ тушаахгүй чи хэр удах гэсэн юм бэ? гэв. Иоаб —Бурхан амьд! Чамайг хэлээгүй бол үнэхээр цэргүүд маргааш өглөө болтол ах дүү нараа мөшгөхөө зогсоохгүй байлаа гэв. Ингээд Иоаб эвэр бүрээгээ үлээсэнд хүмүүс бүгд зогсон, Израилийн араас мөшгөн хөөхөө зогсоож, тулалдахаа ч болив. Абнер болон түүний эрчүүд тэр шөнийн турш Арабаг туулан Иорданыг гатлан, үд хүртэл алхсаар Маханаимд ирлээ. Иоаб харин Абнерыг мөшгөхөөсөө буцаж эргэв. Тэрээр бүх хүнээ хамтад нь цуглуулсанд Асахелаас гадна Давидын арван есөн зарц алга байлаа. Харин Давидын зарц нар Бениамин болон Абнерын эрчүүдээс олныг буюу гурван зуун жаран хүнийг цохиж алсан байв. Тэд Асахелыг авч, Бетлехемд, эцгийнх нь хадан булшинд тавьжээ. Тэгээд Иоаб болон түүний эрчүүд шөнөжингөө явсаар, Хебронд ирэх үед үүр цайж байлаа.