2Самуел 11:14-27

2Самуел 11:14-27 АБ2013

Өглөө болоход Давид Иоабт захидал бичиж, Уриагийн гараар илгээлээ. Тэр захидал бичихдээ —Уриаг хамгийн ширүүн тулалдааны тэргүүн эгнээнд тавьж, түүнийг орхин холдогтун. Тэгвэл тэр цохигдон үхнэ гэсэн байлаа. Иймээс Иоаб хотыг ажиглаад, эр зоригтой дайснууд байгаа гэж мэдсэн газарт Уриаг тавив. Хотын хүмүүс гарч ирэн Иоабтай тулалдахад Давидын зарц нарын зарим нь унаж үрэгдсэн бөгөөд хит хүн Уриа ч мөн үхэв. Тэгээд Иоаб хүн илгээн тулалдааны бүх үйл явдлыг Давидад мэдэгджээ. Тэр элчид тушааж —Тулалдааны бүх үйл явдлыг хаанд мэдэгдэж дуусгахад, хэрэв хааны хилэн дүрэлзэж, “Яагаад та нар тулалдахаар хот уруу тийм их ойртов? Хэрмэн дээрээс тэд харвана гэдгийг та нар мэддэггүй юм уу? Иеруббешетийн хүү Абимелехийг хэн цохиж алсан билээ? Тебезэд байхад нь нэгэн эмэгтэй хэрмэн дээрээс тээрмийн бул чулууг унагаж, түүнийг алсан бус уу? Яагаад та нар хэрмэнд тийм их ойртов?” гэж чамайг загнавал чи “Таны зарц хит хүн Уриа ч үхэв” гэж хэлэгтүн гэв. Ингээд элч мордон Давид дээр ирж Иоабын хэл явуулсан бүгдийг мэдүүлэв. Элч Давидад —Дайсны эрчүүд бидний эсрэг давуу хүчээр байлдан хээр талд гарч ирсэн боловч бид тэднийг гулдан хаалганы үүд хүртэл шахав. Тэгэхэд хэрмэн дээрээс харваачид таны зарц нарыг харваж, хааны зарц нар үрэгдэж мөн таны зарц хит хүн Уриа ч үхэв гэж өчив. Тэгэхэд Давид, элчид —Чи Иоабт ийнхүү дамжуул. “Илд хэнийг ч залгидаг учраас энэ хэрэгт санаа бүү зовогтун. Хотын эсрэг довтолгоогоо ширүүсгэж, хотыг арчин хая” гэж хэлж түүний урмыг сэргээ гэв. Нөхөр Уриа нь үхсэн гэдгийг Уриагийн эхнэр сонсоод нөхрийнхөө төлөө гашуудав. Гашуудлын үе өнгөрөхөд Давид хүн явуулж тэр эмэгтэйг өргөөндөө авчруулав. Тэр эмэгтэй түүний эхнэр болж, түүнд нэгэн хүү төрүүлэв.