2Самуел 10:1-19

2Самуел 10:1-19 АБ2013

Тэгтэл аммончуудын хаан өөд болж хүү Ханун нь түүний оронд хаан болов. Тэгэхэд Давид —Эцэг нь надад энэрэл хайр үзүүлсний адил, би Нахашийн хүү Ханунд энэрэл хайрыг үзүүлье гээд, эцгийнх нь тухайд түүнийг тайтгаруулахаар хэсэг зарцаа явуулав. Давидын зарц нарыг аммончуудын нутагт ирэхэд аммончуудын ноёд өөрсдийн эзэн Ханунд —Танд тайтгаруулагчдыг илгээснээрээ Давид эцгийг тань хүндэлж байна гэж та бодож байна уу? Хотыг маань судлан тандаж, тэгээд орвонгоор нь хөмрүүлэх гэж Давид танд зарц нараа явуулсан бус уу? гэв. Тиймээс Ханун, Давидын зарц нарыг барьж, тэдний сахлын талыг нь хусаад, хувцсыг өгзөг хавиар, голоор нь тайраад, буцааж явуулав. Давидад энэ тухай айлтгасанд тэрээр тэдэн уруу хүн явууллаа. Учир нь эрчүүд маш их ичиж байжээ. Хаан —Сахлаа ургатал Иериход байж байгаад дараа нь буцаж ирцгээ гэж хэлүүлэв. Давидад жигшигдэх болсноо хараад Аммоны хөвгүүд хүмүүс илгээн Бет-рехобын арамчууд болон Зобагийн арамчууд болох хорин мянган явган цэргийг мөн Маакагийн хааныг нэг мянган цэрэг болон Тобын арван хоёр мянган эрийн хамт хөлслөн авав. Давид үүнийг сонсоод Иоабыг, хамаг цэргүүд болох хүчит эрстэйгээ илгээв. Аммоны хөвгүүд гарч ирэн гулдан хаалганы үүдэнд тулалдааны жагсаалаар жагссан бөгөөд Зоба болон Рехобын арамчууд мөн Тоб болон Маакагийн хүмүүс задгай талд тусдаа байцгаав. Тулалдаан түүний урд ба ард талд нь байгааг Иоаб хараад Израилийн шилдэг зарим эрчүүдийг сонгон авч тэднийг арамчуудын эсрэг жагсаан байрлуулав. Харин үлдсэн хүмүүсийг өөрийн дүү Абишаигийн гарт даатгасан бөгөөд тэрээр Аммоны хөвгүүдийн эсрэг тэднийг жагсаан байрлуулав. Иоаб —Хэрэв арамчууд надаас илүү хүчтэй байвал чи надад туслагтун. Харин Аммоны хөвгүүд чамаас хүчтэй байвал би чамд туслахаар очно. Тууштай байгтун. Ард түмнийхээ хийгээд Бурханыхаа хотуудын төлөө зоригтой байцгаая. Мэлмийдээ тааламжтай гэснээ ЭЗЭН үйлдэх болтугай гэв. Ингээд Иоаб болон түүнтэй хамт байсан хүмүүс арамчуудтай тулалдахаар ойртсонд тэд түүний өмнөөс зугтав. Аммоны хөвгүүд арамчуудын зугтахыг хараад өөрсдөө бас Абишаигаас зугтаж хот уруу оров. Тэгээд Иоаб Аммоны хөвгүүдтэй дайтахаас буцан Иерусалимд эргэж ирлээ. Харин арамчууд Израильд ялагдсанаа хараад тэд цуглан чуулав. Тэгээд Хададезер хүмүүсийг илгээн Евфрат мөрний чанад дахь арамчуудыг авчруулсанд тэд Хададезерын цэргийг тэргүүлэгч жанжин Шобахын хамт Хеламд ирцгээжээ. Үүнийг Давидад хэлсэнд тэрээр хамаг Израилийг хамтад нь цуглуулж, Иорданыг гатлан Хеламд ирэв. Арамчууд Давидын эсрэг жагсаж, түүнтэй тулалдлаа. Гэвч арамчууд Израилиас зугтаасан бөгөөд Давид арамчуудаас долоон зуун тэрэгт цэрэг, дөчин мянган морьт цэргийг алж, цэргийн жанжин Шобахыг шархдуулсанд тэрээр тэндээ үхэв. Хададезерын зарц байсан бүх хаад Израильд цохигдсоноо хараад Израильтай энхийг тогтоон тэдэнд зарагдах болов. Ингээд арамчууд Аммоны хөвгүүдэд дахин туслахаасаа айдаг болжээ.