2Хаад 8:16-29
2Хаад 8:16-29 АБ2013
Израилийн хаан Ахабын хүү Иорамын тавдугаар онд Иехошафат Иудагийн хаан байсан ба Иудагийн хаан Иехошафатын хүү Иехорам хаан болжээ. Тэрээр хаан болохдоо гучин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд найман жил хаанчилжээ. Тэрээр Ахабын гэрийн үйлдсэнтэй адил Израилийн хаадын замаар замнав. Учир нь Ахабын охин түүний эхнэр байжээ. Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв. Гэсэн ч Давидад болон түүний хөвгүүдэд дэнлүүг эгнэгт өгнө гэж ЭЗЭН амласан учир Өөрийн зарц Давидын төлөө Иудаг устгахыг хүссэнгүй. Түүний өдрүүдэд Едом нь Иудагийн гар дороос босож, өөрсдөдөө хаан өргөмжилжээ. Тэгэхэд Иорам бүх тэрэгт цэрэгтэйгээ Заир уруу гатлан очив. Тэрээр шөнөөр босож, өөрийг нь бүслэн байсан едомчуудыг болон тэрэгт цэргийн дарга нарыг нь цохисон боловч түүний цэргүүд өөр өөрсдийн майхан уруугаа зугтан одоцгоов. Едом энэ өдрийг хүртэл Иудаг эсэргүүцлээ. Яг тэр үед Либна эсэргүүцэн босжээ. Иорамын бусад үйл хэрэг болон түүний үйлдсэн бүхэн нь Иудагийн хаадын шастир номд бичигдсэн бус уу? Иорам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд эцэг өвгөдийнхөө хамт Давидын хотод тавигдав. Түүний хүү Ахазиа оронд нь хаан болжээ. Израилийн хаан Ахабын хүү Иорамын арван хоёрдугаар онд Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа хаанчилж эхлэв. Ахазиа хаан болохдоо хорин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд нэг жил хаанчлав. Түүний эхийг Израилийн хаан Омрийн ач охин Аталиа гэдэг байв. Ахазиа Ахабын гэрийн хүргэн байсан тул Ахабын гэрийнхний замаар замнан Ахабын гэрийн адил, ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлджээ. Дараа нь тэрээр Ахабын хүү Иорамтай хамт Рамот-гилеадад Арамын хаан Хазаелын эсрэг тулалдахаар явсан бөгөөд тэнд арамчууд Иорамыг шархдуулав. Тэгээд Иорам хаан Арамын хаан Хазаелтай Рамад тулалдаж байх үед нь арамчуудын учруулсан шархыг эдгээхээр Иезреел уруу буцжээ. Ахабын хүү Иорам шархтай байсан тул Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа түүнтэй уулзахаар Иезреел уруу явжээ.