2Хаад 25:5-24

2Хаад 25:5-24 АБ2013

Гэвч халдеичуудын цэргүүд хааныг мөшгөн хөөж, Иерихогийн талд түүнийг гүйцэж барьсан бөгөөд бүх цэрэг нь түүнийг орхин сарнив. Тэгээд тэд хааныг олзлоод, Риблад Вавилоны хаан дээр аваачсан бөгөөд тэрээр түүнд ял оноов. Тэд Зедекиагийн хөвгүүдийг нүднийх нь өмнө алав. Дараа нь Зедекиагийн нүдийг ухаж хаяад, түүнийг хүрэл дөнгөөр дөнгөлөн Вавилонд авчирчээ. Тавдугаар сарын долоонд буюу Вавилоны хаан, Небухаднезар хааны арван есдүгээр онд Вавилоны хааны зарц, ахлах хамгаалагч Небузарадан Иерусалимд иржээ. Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны өргөө болон Иерусалимын бүх байшинг шатаажээ. Том байшин бүрийг тэрээр галдан шатаав. Ахлах хамгаалагчтай хамт байсан халдеичуудын бүх цэрэг Иерусалимын эргэн тойрон дахь бүх хана хэрмийг нураав. Тэгээд ахлах хамгаалагч Небузарадан нь хотод үлдсэн бусад ард олон ба Вавилоны хааны талд дагаар орогсод зэрэг олон түмнээс үлдсэн хүмүүсийг авч явжээ. Ахлах хамгаалагч тэр газрын үгээгүй ядуучуудаас заримыг нь усан үзмийн цэцэрлэгчээр мөн газар хагалагчаар үлдээв. ЭЗЭНий өргөөнд байсан хүрэл багананууд мөн ЭЗЭНий өргөөнд байсан тавиурууд болон хүрэл тэнгисийг халдеичууд хэсэглээд бүх хүрлийг нь Вавилон уруу авч явав. Тэд бас тогоонууд, утгуурууд, чимхүүрүүд, угаагуурууд, хайруулууд болон үйлчлэлд хэрэглэгдэж байсан бүх хүрэл савыг авч явжээ. Бойпрууд ба угаалгын савнууд зэрэг алт, мөнгөн эд зүйл бүхнийг ахлах хамгаалагч авч явжээ. ЭЗЭНий өргөөнд зориулан Соломоны хийсэн хоёр багана, нэг цутгамал тэнгис, тавиурууд болон сав суулгуудын хүрэл нь хэмжээлшгүй их байжээ. Нэг баганын өндөр нь арван найман тохой бөгөөд түүн дээр хүрэл дог байв. Догийн өндөр нь гурван тохой, догийг тойруулсан тор ба анарууд бүгд хүрлээр хийгдсэн байв. Тороор чимэглэсэн нөгөө багана нь ч мөн адил байв. Тэгээд тэргүүн тахилч Сераиа, дэд тахилч Зефаниаг сүмийн гурван хаалгачийн хамт ахлах хамгаалагч авч явав. Тэрээр бас дайчдын жанжин нэг түшмэлийг, хотоос олдсон хааны зөвлөхүүдээс долоон хүнийг, газар нутгийн хүмүүсийг зарлан дууддаг байсан цэргийн даргын гүүшийг болон хотын дундаас олдсон тэр нутгийн жаран хүнийг хотоос авч явжээ. Ахлах хамгаалагч Небузарадан тэднийг авч Риблад буй Вавилоны хаанд аваачив. Тэгэхэд Вавилоны хаан тэднийг Хамат газрын Риблад цохиж алав. Ийнхүү Иуда газар нутгаасаа цөлөгджээ. Иуда газарт өөрийн үлдээсэн хүмүүсийг захируулахаар Вавилоны хаан Небухаднезарын томилсон Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг томилов. Вавилоны хаан, Гедалиаг томилсныг цэргийн бүх жанжин өөрсдийн хүмүүсийн хамт сонсоод, Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хүү Иоханан, нетофат хүн Танхуметын хүү Сераиа, маакат хүний хүү Иаазаниа нар өөрсдийн хүмүүсийн хамт Мизпад Гедалиа дээр ирцгээжээ. Гедалиа тэдэнд болон тэдний хүмүүст —Халдеичуудын түшмэдээс бүү айгтун. Энэ газартаа амьдарч, Вавилоны хаанд үйлчил. Ингэх нь та нарт өлзийтэй байх болно гэж тэдэнд тангараглав.