2Хаад 23:1-20

2Хаад 23:1-20 АБ2013

Тэгээд хаан, хүн илгээж, тэд түүн дээр Иуда болон Иерусалимын бүх ахмадыг цуглуулав. Хаан болон Иудагийн бүх эрчүүд, Иерусалимын бүх оршин суугч мөн тахилч нар, эш үзүүлэгчид болон их, бага бүх ард түмэн түүнтэй хамт ЭЗЭНий өргөө уруу явсан бөгөөд ЭЗЭНий өргөөнөөс олдсон гэрээний номын бүх үгийг тэр тэдний сонорт уншив. Хаан баганын хажууд зогсоод тэрээр ЭЗЭНийг дагаж, өөрийн бүх зүрх, бүх сэтгэлээрээ Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, энэ номд бичигдсэн гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэж ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав. Бүх ард түмэн уг гэрээнд нэгджээ. Тэгээд Баал, Ашера болон тэнгэрийн бүх эрхэст зориулан хийгдсэн бүх эдлэлийг ЭЗЭНий сүмээс гаргахыг тэргүүн тахилч Хилкиа, удаах зэргийн тахилч нар болон хаалгач нарт хаан тушаав. Тэр тэдгээрийг Иерусалимын гадна Кидрон гуунд шатаан, үнсийг нь Бетелд аваачжээ. Иудагийн хотууд болон Иерусалимын ойр орчимд мөргөлийн өндөрлөгүүд дээр утлага уугиулахаар Иудагийн хаадын томилсон шүтээнүүдийн тахилч нарыг мөн Баал, нар, сар, оддын ордууд болон тэнгэрийн эрхэст утлага уугиулагчдыг тэр бас хөөн зайлуулав. Тэрээр Ашераг ЭЗЭНий өргөөнөөс Иерусалимын гадна гарган, Кидроны гуунд аваачаад, Кидрон гуунд түүнийг шатаан, үнс болгон буталж, үнсийг нь ард олны булшин дээр цацжээ. Тэр бас ЭЗЭНий өргөөний дэргэдэх дуганы янхан эрчүүдийн байрыг нураав. Тэнд эмэгтэйчүүд Ашерад зориулан хөшиг нэхдэг байсан юм. Тэрээр Иудагийн хотуудаас бүх тахилч нарыг авчран, тахилч нар утлага уугиулж байсан мөргөлийн өндөрлөгүүдийг Гебагаас Беершеба хүртэл бузарлав. Тэрээр хотын захирагч Иошуагийн дааман хаалганы үүдэнд буюу хотын гулдан хаалганы зүүн гар талд байсан хаалганы мөргөлийн өндөрлөгүүдийг ч нураан хаясан юм. Үнэндээ мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нар Иерусалим дахь ЭЗЭНий тахилын ширээ уруу очоогүй харин тэд өөрсдийн ах дүүсийн дунд исгээгүй талх иджээ. Мөн ямар ч хүн өөрийн хүү эсвэл охиноо Молехт зориулан гал дундуур гаргахгүй байхын тулд тэр бас Бен-хинномын хөндийд буй Тофетыг бузарлажээ. Мөн наранд зориулан Иудагийн хаадын өргөсөн, ЭЗЭНий өргөөний үүдэнд, Натан-мелех тайганы хашаан дахь танхимын ойролцоо байсан морьдыг зайлуулав. Тэрээр нарны тэрэгнүүдийг галдан шатаав. Ахазын танхимын дээвэр дээр буй, Иудагийн хаадын бүтээсэн тахилын ширээнүүд болон ЭЗЭНий өргөөний хоёр хашаан дотор Манассегийн бүтээсэн тахилын ширээнүүдийг хаан нурааж, тэндээс нь буулган, үнсийг нь Кидрон гуунд асгажээ. Сидончуудын бузар болох Ашторэт, Моабын бузар болох Хемош, Аммоны хөвгүүдийн бузар болох Милком нарт зориулан Израилийн хаан Соломон, Иерусалимын зүүнтээд Мөхлийн уулын өмнө талд босгосон мөргөлийн өндөрлөгүүдийг хаан бузарлажээ. Тэрээр онго баганануудыг хэсэг болгон хагалж, Ашерагийн модон шонг цавчиж, тэр газруудыг хүний ясаар дүүргэв. Түүнчлэн Бетел дэх тахилын ширээ, Израилиар нүгэл үйлдүүлсэн, Небатын хүү Иеробоамын барьсан мөргөлийн өндөрлөгийн тухайд, тэр тахилын ширээ болон мөргөлийн өндөрлөгийг аль алийг нь нураан, мөргөлийн өндөрлөгийг шатааж, үнс болгож бутлаад, Ашераг шатаажээ. Иосиа эргэж уулан дээрх булшнуудыг хараад, хүн илгээн булшнаас яснуудыг авчруулж, тахилын ширээн дээр шатаан, Бурханы хүний тунхагласан ЭЗЭНий үгийн дагуу түүнийг бузарлажээ. Тэгээд тэр —Миний харж буй энэ хөшөө юу вэ? гэж асуусанд тэр хотын хүмүүс түүнд —Иудагаас ирж, Бетелийн тахилын ширээнд таны хийсэн энэ зүйлсийг тунхагласан Бурханы хүнийх гэцгээв. Хаан —Түүнийг орхи. Түүний ясыг хэн ч бүү хөндөг гэв. Ингээд тэд түүний ясыг Самариас ирсэн эш үзүүлэгчийн ясны хамт хөндөлгүй орхив. Түүнчлэн Самарийн хотуудад Израилийн хаад ЭЗЭНийг уурлуулахаар босгосон мөргөлийн өндөрлөгүүдийн бүх байрыг Иосиа бас зайлуулж, Бетелд үйлдсэнийхээ адилаар тэдэнд тийнхүү үйлджээ. Тахилын ширээнүүд дээр байсан мөргөлийн өндөрлөгүүдийн бүх тахилч нарыг тэр алж, тэдний дээр хүний ясыг шатаав. Тэгээд тэрээр Иерусалим уруу буцав.