2Хаад 20:1-21

2Хаад 20:1-21 АБ2013

Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болжээ. Амозын хүү эш үзүүлэгч Исаиа түүн дээр ирээд —ЭЗЭН айлдахдаа “Гэрээ засагтун. Учир нь чи амьд үлдэхгүй, үхнэ” гэсэн гэв. Тэгэхэд Хезекиа нүүрээ хана уруу эргүүлэн ЭЗЭНд залбирч “Аяа ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайныг үйлдэж байсныг одоо санаач” гэж хэлээд, цурхиран уйлав. Тэгтэл Исаиаг дунд хашаанаас гарахаас өмнө ЭЗЭНий үг түүнд ирж — Буцаж яваад, Миний ард түмний удирдагч Хезекиад “Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна. «Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чамайг эдгээнэ. Гурав дахь өдөр чи ЭЗЭНий өргөөнд очно. Би чиний өдрүүд дээр арван таван жилийг нэмж, чамайг болон энэ хотыг Ассирийн хааны гараас аварна. Өөрийнхөө төлөө болон Миний зарц Давидын төлөө Би энэ хотыг хамгаална» гэлээ” хэмээн хэл гэв. Тэгээд Исаиа —Зүсэм инжир авчир. Тэд буглаат хатгин дээр нь тавиг, тэгвэл тэр эдгэнэ гэв. Хезекиа, Исаиад —ЭЗЭН намайг эдгээж, би гурав дахь өдөр нь ЭЗЭНий өргөөнд очно гэсэн ямар тэмдэг байх вэ? гэсэнд Исаиа —ЭЗЭН амласан ёсоороо хийнэ гэдгийг чамд илэрхийлэх тэмдэг нь энэ юм. Сүүдрийг арван алхмаар урагшлуулах уу эсвэл арван алхмаар ухраах уу? гэв. Хезекиа —Сүүдэр арван алхмаар урагшлах нь амархан. Бүү тэгэг, харин сүүдрийг арван алхмаар буцааг гэж хэлжээ. Эш үзүүлэгч Исаиа, ЭЗЭНд хашхирсанд Ахазын шатаар өнгөрөн буугч сүүдрийг Тэр арван алхмаар буцаав. Тэр үед Хезекиаг өвчтэй байсныг дуулаад Вавилоны хаан Баладаны хүү Беродах-баладан Хезекиад захидал ба бэлэг илгээв. Хезекиа тэднийг хүлээн авч тэдэнд өөрийн бүх эрдэнэсийн сан, мөнгө, алт, анхилам үнэртэн, үнэт тос, зэвсгийн агуулах болон өөрийн бүх агуулахад байсан бүгдийг үзүүлэв. Хезекиагийн гэрт болон бүх эзэмшилд нь тэдэнд түүний үзүүлээгүй нэг ч зүйл үлдсэнгүй. Тэгэхэд эш үзүүлэгч Исаиа, Хезекиа хаан уруу ирж —Энэ хүмүүс юу ярьж байна вэ? Тэд хаанаас таныг зорьж ирэв? гэж асуухад Хезекиа —Тэд алс холын орон Вавилоноос ирсэн гэв. Исаиа —Тэд таны гэрт юу үзэв? гэхэд Хезекиа —Тэд гэрт минь байгаа бүхнийг үзсэн. Тэдэнд үзүүлээгүй юм эрдэнэсийн санд минь байхгүй гэв. Тэгтэл Исаиа, Хезекиад —ЭЗЭНий үгийг сонсогтун. “Үзэгтүн, чиний гэрт байгаа бүхэн чиний эцэг өвгөдийн энэ өдрийг хүртэл цуглуулсан бүхнийг Вавилон уруу зөөх өдрүүд ирж байна. Юу ч үлдэхгүй” гэж ЭЗЭН айлдаж байна. “Чиний үр удам, чиний төрүүлэх хөвгүүдээс чинь аваачигдах бөгөөд тэд Вавилоны хааны ордонд тайганууд болно” гэв гэхэд Хезекиа, Исаиад —Таны хэлсэн ЭЗЭНий үг сайн юм гэв. Учир нь тэрээр “Миний өдрүүдэд амар амгалан, аюулгүй байвал болоо бус уу?” гэж боджээ. Хезекиагийн бусад үйлс, түүний бүх чадал, тэр хэрхэн цөөрөм болон ус түгээгүүрийн хоолойг байгуулж, хот уруу ус татсан зэрэг нь Иудагийн Хаадын шастир номд тэмдэглэгдсэн бус уу? Ингээд Хезекиа эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, түүний хүү Манассе оронд нь хаан болов.