2Хаад 18:1-8

2Хаад 18:1-8 АБ2013

Израилийн хаан Елагийн хүү Хошеагийн гуравдугаар онд Иудагийн хаан Ахазын хүү Хезекиа хаан болов. Тэрээр хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд хорин есөн жил хаанчлав. Түүний эхийг Зехариагийн охин Аби гэдэг байв. Тэр өвөг эцэг Давидынхаа хийсний адил, ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв. Тэрээр мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, онго баганануудыг хугалан хэсэглэж, Ашерагийн шонгуудыг цавчиж хаяжээ. Бас тэр өдрүүдийг хүртэл Израилийн хөвгүүд Мосегийн бүтээсэн зэс могойд утлага уугиулж, түүнийг Нехуштан гэдэг байсан тул тэрхүү зэс могойг тэрээр сэглэж хаяв. Тэрээр Израилийн Бурхан ЭЗЭНд итгэж байв. Түүнээс өмнө ч, түүнээс хойш ч Иудагийн хаадын дотор түүн шиг хаан байгаагүй юм. Тэрээр ЭЗЭНээс зуурч, Түүнийг дагахаа болилгүй, харин Мосед ЭЗЭНий тушаасан тушаалуудыг сахижээ. ЭЗЭН түүнтэй хамт байсан тул тэр хаа явсан газартаа мэргэн ухааныг олж байв. Тэрээр Ассирийн хаанд үйлчилсэнгүй түүний эсрэг тэрслэв. Тэрээр Газ болон түүний хязгаар нутаг хүртэл, харуулын цамхгаас авахуулан бэхлэгдсэн хот хүртэлх бүх филистчүүдийг ялав.