2Коринт 2:1-11
2Коринт 2:1-11 АБ2013
Гэвч та нар дээр дахин уй гашуу болж очихоо больё гэж би хувьдаа шийдлээ. Учир нь би та нарыг гашуудуулбал миний гашуудуулагсдаас өөр хэн намайг баярлуулах вэ? Намайг очих үед баярлуулах ёстой хүмүүс намайг гашуудуулах вий гэсэндээ би та нарт үүнийг бичсэн юм. Миний баяр баясгалан бол та бүгдийнх гэдэгт би та бүгдэд итгэдэг. Та нарыг гашуудуулъя гэсэндээ бус, харин надад байгаа та нарын төлөө гэсэн хайрыг та нарт мэдүүлэхийн тулд үлэмж зовлонгоос, бачимдах зүрхнээсээ би нулимс унаган та нарт бичсэн юм. Хэрэв хэн нэг чинь гашуудуулсан бол тэр хүн намайг бус, харин ямар нэгэн хэмжээгээр та бүгдийг гашуудуулсан. Би хэтрүүлж хэлээгүй. Тийм хүнд олонхоос энэ шийтгэл хангалттай. Иймээс тэр хүнийг уй гашууд хэт автуулчихгүйн тулд харин ч та нар түүнийг уучилж, тайтгаруулах нь дээр юм. Тиймд түүний төлөө хайраа бататгахыг та нараас би хичээнгүйлэн гуйя. Та нар бүх зүйлд дуулгавартай байдаг эсэхийн нотолгоог чинь мэдэхийн тулд би ийнхүү бичлээ. Та нар хэн нэгнийг ямар нэг юмаар нь уучилбал, би бас уучилна. Хэрэв би хэн нэгнийг ямар нэг юмаар нь уучилсан бол та нарын төлөө Христийн оршихуйд уучилсан билээ. Ингэсэн нь биднийг Сатан мэхэлж далимдуулах вий гэсэндээ юм. Түүний санааг бид ямар мэдэхгүй биш.