2Коринт 11:1-15

2Коринт 11:1-15 АБ2013

Өчүүхэн мунхаглалыг минь та нар тэвчээрэй. Намайг та нар тэвчдэг шүү дээ. Бурханы хардалтаар би та нарыг хардаж байна. Учир нь би та нарыг Христийн өмнө ариун онгон охин мэт аваачих гэж ганц нөхөртэй сүй тавиулсан. Могой, залиараа Еваг мэхэлсэн шигээ Христ дор [цэвэр] эгэл байдлаас чинь та нарын санаа бодлыг төөрүүлчих вий гэхээс би харин айж байна. Учир нь хэрэв хэн нэг нь очоод, бидний тунхагласнаас өөр Есүсийг тунхаглахад эсвэл хүлээн авсан хэн нэгнээсээ та нар өөр сүнсийг хүлээн авахад эсвэл хүлээн авсан хэн нэгнийхээ өөр сайнмэдээг та нар хангалттай тэвчдэг. Харин тэдгээр “онцгой” элч нараас дутах зүйл надад үгүй гэж би бодож байна. Хэдийгээр би үг ярианд дадаагүй ч, мэдлэгээрээ тийм биш ээ. Үүнийг бид бүх юмсаар, тал бүрээр та нарт илчилсэн. Та нарыг өргөмжлөхийн тулд өөрийгөө дорд болгож, Бурханы сайнмэдээг та нарт үнэгүй тунхагласнаараа би нүгэл үйлдсэн хэрэг үү? Та нарт үйлчлэхийн тулд би бусад чуулгануудыг цөлмөж, хөлс авч байсан. Би та нар дээр байхдаа юмаар дутаж байсан ч хэнд ч яршиг болоогүй. Македониос ирсэн ах дүүс хэрэгцээг минь хангаж байсан. Алив зүйлээр та нарт дараа болохгүйн тулд би өөрийгөө хичээж байсан бөгөөд хичээх ч болно. Христийн үнэн дотор минь байхад Ахайн нутгуудад ч сайрхал минь намжихгүй. Яагаад? Би та нарыг хайрладаггүй учраас уу? Бурхан мэднэ. Гэвч би юу хийж байгаагаа үргэлжлүүлэн хийнэ. Энэ нь сайрхаж, түүгээрээ бидэнтэй адил харагдах гэсэн боломжийг хайгч тэдгээр хүмүүст тэр боломжийг нь олгохгүйн тулд юм. Учир нь тэд хуурамч элч нар, зальтай ажилчид, Христийн элч нар болж хувирагсад. Гайхах юм алга. Сатан хүртэл өөрийгөө гэрлийн тэнгэрэлч болгон хувиргадаг. Тиймээс хэрэв түүний үйлчлэгчид бас өөрсдийгөө зөвт байдлын үйлчлэгчид болгож хувиргах аваас энэ нь гайхмаар юм биш аж. Тэдний төгсгөл үйлсийнх нь дагуу байх болно.