2Шастир 9:1-12
2Шастир 9:1-12 АБ2013
Соломоны алдар сууг Шебагийн хатан хаан сонсоод, бэрх хүнд асуултаар Соломоныг сорьж үзэхийн тулд асар олон бараа бологч, их хэмжээний анхилуун үнэртэн болон алт, эрдэнийн чулуу тээсэн тэмээдтэйгээ Иерусалимд иржээ. Тэрээр Соломонтой уулзан, зүрх сэтгэлдээ байсан бүхний талаар түүнтэй хэлэлцэв. Соломон түүний бүх асуултад хариулжээ. Соломоноос нууцлагдсан, хатанд хариулж чадамгүй нэг ч зүйл байсангүй. Шебагийн хатан хаан нь Соломоны мэргэн ухааныг мөн түүний барьсан өргөө, хааны ширээн дэх зоог, түшмэдийнх нь сууж буй эмх цэгц, үйлчлэгчдийнх нь алба мөн тэдний өмссөн хувцас, сөнч нар болон ЭЗЭНий өргөөнд тахидаг шатаах тахилуудыг нь хараад бахдан алмайрчээ. Тэрээр хаанд —Таны үйлс ба таны мэргэн ухааны талаар би өөрийн оронд байхдаа сонссон үг үнэн байжээ. Би ирж, энэ бүхнийг өөрийн нүдээр үзэх хүртэлээ энэ үгэнд итгээгүй байлаа. Гэтэл, хараач, миний сонссон зүйлс энэ бүгдийн хагаст нь ч хүрэхгүй байж. Үнэндээ таны мэргэн ухаан, агуу байдал тань миний сонсож дуулсан сургаас үлэмж давуу ажээ. Таны хүмүүс юутай ерөөлтэй вэ! Таны өмнө үргэлж зогсож, таны мэргэн ухааныг сонордох эдгээр албат нар тань юутай ерөөлтэй вэ! Таныг таалан Бурхан ЭЗЭНий төлөө хаан болгохоор таныг сэнтийдээ залсан таны Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Таны Бурхан, Израилийг хайрлан, түүнийг мөнхөд тогтоосон учир шүүлт ба үнэн зөвийг гүйцэлдүүлэхийн тулд таныг тэдний дээр хаан болгосон ажээ гэж хэлэв. Тэгээд тэрээр хаанд зуун хорин талант алт, арвин их анхилуун үнэртэн болон эрдэнийн чулуу бэлэглэв. Шебагийн хатан хаанаас Соломон хаанд бэлэглэсэн шиг тийм их анхилуун үнэртнүүд хэзээ ч байгаагүй билээ. Түүнчлэн Офироос алт тээн авчирсан Хурамын зарц нар болон Соломоны зарц нар мөн улаан мод, эрдэнийн чулуу авч ирэв. Хаан улаан модоор ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний шатнууд мөн дуучдад зориулан ятга ба босоо ятгууд хийв. Тэдгээртэй адил зүйлс урд өмнө Иуда нутагт үзэгдсэнгүй билээ. Соломон хаан Шебагийн хатан хаанд авчирсан бэлгээс нь хамаагүй илүүгээр түүний хүссэн бүхнийг өгчээ. Тэгээд хатан хаан зарц нарынхаа хамт нутагтаа буцлаа.