2Шастир 6:1-11
2Шастир 6:1-11 АБ2013
Тэгээд Соломон Үүл манан дунд Би оршмуй хэмээн ЭЗЭН айлтгалаа Үүрд мөнх Түүний залрах газар, Цог жавхлант өргөөг би барьж босголоо гэж хэлэв. Тэгээд хаан эргэн харж, Израилийн бүх чуулганыг тэнд зогсож байхад нь тэднийг ерөөлөө. Тэрээр —Өөрийн амаар миний эцэг Давидад айлдсан бүхнээ Өөрийнхөө мутраар биелүүлж өгсөн Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Тэрээр айлдахдаа, “Би ард түмнээ Египет газраас удирдан гаргасан өдрөөс хойш Өөрийн нэрийг байлгах өргөөг бариулах гэж Израилийн бүх овгоос аль ч хотыг сонгоогүй мөн Миний ард түмэн Израилийг удирдах ямар ч хүнийг Би сонгоогүй байв. Харин Би нэрээ тавихын тулд Иерусалимыг сонгож, Өөрийн ард түмэн Израилийг захируулахаар Давидыг сонгосон билээ” гэсэн юм. Израилийн Бурхан ЭЗЭНий нэр алдрын төлөө өргөө барих нь миний эцэг Давидын зүрхэнд байсан юм. Харин ЭЗЭН миний эцэг Давидад “Миний нэр алдарт өргөө барих сэтгэл чиний зүрхэнд байгаа нь маш сайн байна. Гэсэн ч тэр өргөөг чи өөрөө босгохгүй, харин чамд төрөх хүү чинь Миний нэр алдарт уг өргөөг барих болно” гэсэн билээ. ЭЗЭН хэлсэн үгээ биелүүллээ. Ийнхүү би ЭЗЭНий амласны дагуу өөрийн эцэг Давидын оронд босож, Израилийн сэнтийд заларч мөн Израилийн Бурхан, ЭЗЭНий нэр алдарт зориулж өргөө барив. Израилийн хөвгүүдтэй байгуулсан ЭЗЭНий гэрээг агуулсан авдрыг би энд заллаа гэв.