2Шастир 34:8-33
2Шастир 34:8-33 АБ2013
Тэрээр газар нутаг болон өргөөг цэвэрлэсэн байх үед буюу хаанчлалынхаа арван наймдугаар онд өөрийн Бурхан ЭЗЭНий өргөөг засварлуулахаар Азалиагийн хүү Шафан, хотын түшмэл Маасеиа, зөвлөх Иоахазын хүү Иоа нарыг илгээв. Тэд тэргүүн тахилч Хилкиа уруу очоод, Бурханы өргөөнд авчирсан мөнгийг тушаажээ. Уг мөнгийг левичүүд болох хаалганы сахиулууд Манассе, Ефраим болон Израилийн үлдэгсэд бүгдээс мөн бүх Иуда, Бениамин хийгээд Иерусалимын оршин суугчдаас цуглуулсан байв. Тэд ЭЗЭНий өргөөг хариуцан ажиллаж буй хүмүүсийн гарт уг мөнгийг өгсөн бөгөөд ЭЗЭНий өргөөнд ажиллаж байсан ажилчид өргөөг сэргээн барьж, засварлахад хэрэглэсэн юм. Тэр мөнгийг тэд зассан чулуу ба залган сэлбэхэд ашиглах гуалин худалдаж авахад мөн Иудагийн хаадын сүйрүүлж орхисон барилгуудад дүнз хийхэд зориулж мужаан, барилгачдад эргүүлэн өгчээ. Хүмүүс нь ажилаа итгэмжтэйгээр хийв. Тэднийг хянаж байсан даамлууд нь Мерарийн хөвгүүдээс гаралтай левичүүд болох Иахат, Обадиа нар, Кохатын хөвгүүдээс гаралтай Зехариа, Мешуллам нар болон бүгдээрээ хөгжмийн зэмсэгт гарамгай хүмүүс болох левичүүд байв. Тэд бас ачаа зөөгчдийг хариуцаж, мэргэжил бүрийн ажилчид бүгдийг хянаж байв. Левичүүдээс зарим нь гүүш, түшмэд болон дааман хаалганы сахиулуудын үүргийг гүйцэтгэж байв. ЭЗЭНий өргөөнд авчирсан байсан мөнгийг тэд гаргах үеэр, Мосегоор дамжуулан өгсөн ЭЗЭНий хуулийн номыг тахилч Хилкиа олжээ. Хилкиа, гүүш Шафанд хариулан —Би ЭЗЭНий өргөөнд хуулийн ном оллоо гэв. Хилкиа тэр номыг Шафанд өгчээ. Тэгээд Шафан номыг хаанд авчрав. Түүнээс гадна тэр хаанд үг хэлж —Таны зарц нарт даалгагдсан бүхнийг тэд гүйцэтгэж байгаа. Тэд өргөөнөөс олдсон мөнгийг цуглуулж, ЭЗЭНий өргөөг хариуцагч ба ажил хийгчдийн гарт даатгав гэв. Үүнээс гадна гүүш Шафан, хаанд —Тахилч Хилкиа надад нэг ном өгсөн гэв. Шафан уг номоос хаанд уншжээ. Хаан тэрхүү хуулийн үгсийг сонсоод хувцсаа урав. Дараа нь Хилкиа, Шафаны хүү Ахикам, Микагийн хүү Абдон, гүүш Шафан болон хааны зарц Асаиа нарт хаан тушаан — Явж, миний төлөө болон Израиль ба Иудад үлдсэн хүмүүсийн төлөө олдсон номын үгсийн талаар ЭЗЭНээс асуугтун. Энэ номд бичигдсэн бүхний дагуу үйлдэхээр ЭЗЭНий үгийг бидний эцэг өвгөд сахиагүй учраас бидний дээр асгарсан ЭЗЭНий уур хилэн үлэмж ажээ гэв. Тэгээд Хилкиа болон хааны илгээсэн хүмүүс Шаллумын эхнэр эш үзүүлэгч эмэгтэй Хулда уруу явав. Шаллум нь Хасрагийн ач, Токхатын хүү бөгөөд хувцасны агуулахын сахиул юм. Хулда, Иерусалимын хоёрдугаар дүүрэгт амьдардаг байв. Тэд мөнөөх зүйлийн талаар түүнтэй ярилцжээ. Тэрээр тэдэнд —Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарыг Над уруу илгээсэн хүнд хэлэгтүн. ЭЗЭН айлдахдаа «Үзэгтүн, Би энэ газарт болон эндхийн оршин суугчид дээр гай гамшгийг буулгана. Тэр нь Иудагийн хааны өмнө тэдний уншсан тэрхүү номд бичигдсэн бүх хараал юм. Учир нь тэд Намайг хаяж, өөр бурхдад өргөл өргөж, гарынхаа бүх ажлаар Намайг хилэгнүүлсэн билээ. Тиймээс Миний уур хилэн энэ газар дээр цутгах бөгөөд үл унтарна» гэж байна” гэв. Харин ЭЗЭНээс асуулгахаар та нарыг илгээсэн Иудагийн хаанд та нар үүнийг хэлэгтүн. “Израилийн Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна. «Чиний сонссон үгсийн тухайд зүрх чинь зөөлөрч, энэ газар болон эндхийн оршин суугчдын эсрэг хэлсэн Түүний үгсийг сонсоод, Бурханы өмнө чи өөрийгөө даруу болгосон бөгөөд Миний өмнө чи өөрийгөө даруу болгож, хувцсаа уран Миний өмнө уйлсан учир Би чамайг үнэхээр сонслоо» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Үзэгтүн, Би чамайг чиний эцэг өвгөд уруу аваачин, чи булшиндаа амар тайвнаар очих болно. Энэ газар ба эндхийн оршин суугчид дээр Миний авчрах бүх гай гамшгийг чиний нүд үзэхгүй» гэсэн” гэв. Тэд хариу үгийг хаанд авчрав. Хаан дараа нь хүн илгээж, Иуда болон Иерусалимын бүх ахмадыг цуглуулав. Хаан ба Иудагийн бүх эрс, Иерусалимын оршин суугчид, тахилч нар, левичүүд болон их багагүй бүх ард түмэн ЭЗЭНий өргөө уруу явав. ЭЗЭНий өргөөнөөс олдсон гэрээний номын бүх үгийг тэдний сонорт хаан уншив. Тэгээд хаан өөрийн байрандаа зогсоод, тэрээр ЭЗЭНийг дагаж бүх зүрх, бүх сэтгэлээрээ Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, энэ номд бичигдсэн гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэж ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав. Тэгээд тэрээр Иерусалимд ба Бениаминд байсан бүгдийг өөртэйгөө хамт энэ гэрээнд нэгдүүлэв. Ингэж Иерусалимын оршин суугчид, Бурханы гэрээний дагуу эцэг өвгөдийнхөө Бурханд ийн үйлджээ. Иосиа, Израилийн хөвгүүдэд харьяалагдах бүх газар нутгаас бүх бузрыг зайлуулаад, Израильд буй бүх хүнийг өөрсдийн Бурхан ЭЗЭНд үйлчлүүлсэнд тэд түүний амьдралынх нь туршид эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг дагахаас эргээгүй юм.